Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, МоАХ-ны дарга Х.Баттулгыг яллагдагчаар татсан тогтоолыг 2016 оны 07-р сарын 20-ны өдөр УЕПГ-аас гаргалаа. Ингэснээр шигшээ багийнхаа хамтаар Бразилын Рио-Де-Жанейрог зорихоор төлөвлөсөн Х.Баттулгын хил гарах эрх хаагдан шүүхээр асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэх нь тодорхой болж байна.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, Зам тээврийн сайд, Улсын Их Хурлын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг шалгах үйл явц нотлох баримт бүрдүүлэх, хавтаст хэргийг хянах, мөнгөн дансны шилжүүлгүүдийг батлах үе шатаа амжилттай давсаныг үүнээс харж болно.
Нийт 483 сая ам.долларын энэхүү төслийн 200 сая ам.долларыг Чингис бондоос санхүүжүүлэн “Самсунг Си энд Ти” ХХК-д олгосон юм. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хэргийг нэгтгэн мөнгө угаах, албан тушаал хэтрүүлэн ашиглах, улсад онц ноцтой хохирол учруулсан үндэслэлээр шалгаж дууслаа. Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын энэхүү хавтаст хэргийн дугаар 201501000154 гэдгийг эх сурвалжаас авлаа.
ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанид тендергүй олгож, мөнгө угаасан хэргийг тусгайлан шалгаж буй бол АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын хөрс хуулалтын ажлыг батлагдсан зураг төсөлгүйгээр 2015 оны 11-р сард шууд эхлүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр мөрдөх ажиллагааг үргэлжлүүлж байна. “Кей Эйч Эн Ар” ХХК, “Транском” ХХК-иуд тус бүрдээ 4.8 тэрбум төгрөгийн хөрс хуулалтын ажил гүйцэтгэн улсаас мөнгөө нэхэмжилж шүүхэд хандсан байдаг. Улмаар “Кей Эйч Эн Ар” ХХК 4.8 тэрбум төгрөг, гэрээний алданги 2.4 тэрбум төгрөг нийт 7.2 тэрбум төгрөгийг авахаар болоод байгаа юм.
“Самсунг Си энд Ти” компанийн хэрэгжүүлж буй төсөл, бусад арга хэмжээний мөнгө туслан гүйцэтгэгч компаниудаар дамжин “Их Майдар”, “Нүүрс шингэрүүлэх” зэрэг төсөлд хандив нэрээр шилжсэн бололтой.
УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх 2016 оны нэгдүгээр сарын 6-нд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ, 2014 онд энэ асуудлаар АТГ-т өөрийн хүсэлтээр шалгуулж хэрэгт холбогдолгүй болохоо нотолсон хэмээн албан бичиг үзүүлж байв. Гэвч тэрхүү албан бичиг нь Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогын бичиг баримт, мөн Засгийн газрын эрх шилжүүлэх тогтоол байсан юм. Харин Эдийн засгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчдын одоо шалгаж буй гол бичиг баримт бол Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын гарын үсэг бүхий “Самсунг Си энд Ти” компанид эрх шилжүүлэх тухай 91 дүгээр тушаал. Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “Энэхүү албан бичиг дээрх гарын үсэг минийх мөн боловч албан бичиг нь ТӨХ-ны дугааргүйн дээр хуулбар нь ТӨХ-ны архивт байхгүй байгаа тул бодлогын бичиг баримт биш. Би ийм бичигт гарын үсэг зурсан гэдгээ огт санахгүй байна” хэмээн мэдүүлэг өгчээ. Ингэснээр хуурамч бичиг баримт үйлдэн төмөр замын бүтээн байгуулалтыг өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн байх магадлал өндөр болж иржээ. ТӨХ-г тухайн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам харъяалан ажиллаж Х.Баттулга сайд байсан юм.
Эх сурвалж: Dailynews.mn