УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны дарга, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг яллагдагчаар татаж, хилээр гарахыг нь хориглосон тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарах болов. Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас лавлахад “Х.Баттулгыг өнгөрсөн хавар сэжигтнээр тооцоод байсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь холбоотойгоор яллагдагчаар татах боломжгүй тул сонгууль хүргэсэн.
Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр мөрдөн шалгаж буй болон прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоолыг энэ сарын 20-нд гаргасан байгаа. Үүнийг нь танилцуулсан. Гэхдээ хилээр гарах эрхийг нь цуцлаагүй. Олимпод оролцох жүдо бөхийн тамирчдаа аваад Бразилийг зорьсон. Эх орондоо ирэхэд нь шалгалтаа үргэлжлүүлнэ” гэв.
“Женко” Х.Баттулга болон түүнтэй хамтран зүтгэдэг хүмүүсийг Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж буй билээ.