“Дэлхийн хепатитын өдөр” маргааш тохиох гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд 10.00 цагт элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр болжээ.
Элэгний эмч, эмнэлгийн ажилтан, эмийн үйлчилгээ эрхлэгч нар иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх юм. Мөн элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулахаар болжээ. Цаашлаад иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгөх аж.
Ингээд 10.00 цагаас иргэдэд мэдээлэл өгсний дараа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 12.00 цагаас өдөрлөгийн албан ёсны нээлт болох юм. Нээлтийн дараа Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг, мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна.