Зүүн хойд Азийн хотуудын дарга нар “Хотуудын ногоон өсөлт – Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гурав дахь удаагаа чуулна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Зүүн хойд азийн 6 улсын 24 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр туршлага солилцох бөгөөд Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор оролцох юм. Форумд Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн суурин төлөөлөгч Жон Лайонс Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулах бөгөөд Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тус хотын орлогч Гоу Вэнхө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг” сэдвээр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конференц СОР-21”, БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын ерөнхий захирал Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө” сэдвээр, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый “Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого” зэрэг сэдвээр илтгэл тавина. Хуралдаанд оролцсон хотууд нэгдэж, нэгдсэн уриалга гаргах бөгөөд цаашид хуралдааныг бүс нутгийн хотуудад ээлжлэн зохион байгуулах юм.
Форумын үеэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнд үндэсний 50 гаруй аж ахуйн нэгж “Эко эрчим хүч”, “Эко дулаан”, “Эко тээвэр”, “Эко үйлдвэрлэл”-ийн бүтээгдэхүүн, шийдлээ танилцуулах юм.
Тус форумд зориулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөд форумын хөтөлбөр, оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн дэлгэрэнгүй мэдээллээс гадна өмнөх форумуудаар гаргасан шийдвэрүүдийг байршуулжээ. Мөн энэ удаагийн форумд оролцож илтгэл тавих зочдын дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлүүд бүрэн эхээрээ Монгол, Англи хэл дээр тавигдсан байна.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийн дагуу 2015 онд “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.