
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өчигдөр орой сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ жил их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон цэцэрлэгийн бүртгэл зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Тус яам нь найман газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар болж бүтэц нь батлагджээ. Харьяанд нь Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар гэсэн хоёр том салбарын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдана, бүтэц зохион байгуулалтыг нь удахгүй салбар хариуцсан сайдын тушаалаар шийдэх аж.
Өмчийн хэлбэрээс үл шалтгаалаад жил бүрийн намар их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг ч энэ хичээлийн жилд хуучнаар нь хадгалах тохиролцоонд хүрсэн гэж салбарын сайд нь онцолсон юм. Эл асуудлаар дараах тодруулгыг хийлээ.
-Их, дээд сургууль, коллежиудын захирлуудтай сургалтын төлбөрийг нэмэхгүй байх тохиролцоонд хүрсэн гэлээ. Гэтэл МУИС төлбөрөө нэмсэн гэдэг зүйл яригдаад байна?
-Зарим сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэтэй биечилж уулзаж саналаа хэлсэн. “Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй байх бодлого баримталъя, Удирдах зөвлөлдөө асуудлыг танилцуулаад хариу өгөөрэй” гэсэн. Тэгэхэд “2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаар ярилцаж шийдсэн” гэж хариу өгсөн. Зөвхөн МУИС-ийн захиралтай биечилж уулзсан юм биш, төрийн өмчийн ихэнх сургуулиудын удирпдлагатай уулзаж, сургалтын төлбөрийг нэмэхгүй байх тохиролцоонд хүрлээ. Энэ чиглэлээр зөвлөмж чиглэл ч өгсөн. Хувийн их, дээд сургуулиудын холбоо гэж байдаг, холбоодын удирдлагатай уулзаж, сургалтын төлбөр нэмэхгүй байх тохиролцоонд хүрсэн.
Монгол Улсын эдийн засаг хүнд, ажлын байр хомс, иргэд орлого багатай, мөнгөний ханшийн уналт гээд олон хүчин зүйлээс шалтгаалж их, дээд сургууль, коллежиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй, үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.
-МУИС суурь хураамж гэж мөнгө хураадаг, энэ юунд зарцуулдаг нь ойлгомжгүй гэдэг зүйлийг оюутнууд нь ярьдаг. Багасгах боломж бий юу?
-Ажил аваад удаагүй байгаа учраас их, дээд сургуулиудын дотоод үйл ажиллагаатай нь танилцаж амжаагүй байна. Суурь хураамжийг нь бууруулах боломж байна уу гэдгийг судална. Оюутан суралцагчийг аль болох төлбөрөөр дамжуулж дарамтлахгүй байх бодлого барина.
http://www.zaluu.com/read/89g7043a
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл