Оюутан цэргүүд сурлагадаа амжилт гаргаж, бие хүн болон төлөвшиж сурдаг

1470099892_2016080101

Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. 2016 оны оюутан цэргүүд энэ сарын дундуур “Чингисийн талбай”-д эцэг, эх, багш хамт олныхоо өмнө эр цэргийн тангарагаа өргөнө. “Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн явцын талаар хөтөлбөрийн Ерөнхий зохицуулагч, бэлтгэл хурандаа Г.Мягмаржавтай цөөн хором ярилцлаа.

-“Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл өгөөч. Энэ удаагийн хөтөлбөр хэрэгжээд шувтрах талдаа оржээ?
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Анх хөтөлбөрт хамрагдахаар 4000 гаруй оюутан бүртгүүлсэн байдаг. Тухайн их, дээд сургуулиуд оюутнуудынхаа сурлагын чанар бусад нөхцөл байдлыг нь харгалзан 1200 оюутныг шалгаруулж бүртгэсэн. Хөтөлбөрийн эхний сургалт болох цэргийн ерөнхий бэлтгэл сургалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд долоон их, дээд сургууль дээр зохион байгууллаа. Үүний дараа оюутнуудаасаа шалгалт авч, тэнцсэн нь өнөөдөр цэргийн тактикийн сургалтад хамрагдаж байна. Нийслэл Улаанбаатар хотод БХИС-ийн Сургалтын төвийг түшиглэн 750, баруун таван аймгийн 150 гаруй оюутныг Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний анги, зүүн аймгуудын 100 гаруй оюутныг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний ангийн баазыг түшиглэн сургаж байна. Оюутан цэргүүд цэргийн эрдмийн мэдлэг, тактикийн сургалтыг үе шаттайгаар сурч байгаа. Яг өнөөдрийн хувьд гэвэл тасгийн бэлтгэлд шамдаад завгүй байна. Тасгаар ажиллах ур чадвар эзэмшиж, тасгийн буудлагатай хээр хонохоос эхлээд мотобуудлагын гүйцэтгэх ёстой бүх үүргийг гүйцэтгэж байгаа. Энэ сургалт гурван өдөр дараалан явагдана. Үүний дараа дүнгээ нэгтгэж, сургалтын явц энэ сарын 15 гэхэд дуусна.
2016080102
-Оюутан цэргүүдийн байрлах материаллаг баазыг сайжруулахад БХЯ, ЗХЖШ-аас нэлээд ажил зохион байгуулсан байдаг?
-1000 хүний хооллох гал зуух барьж, цахилгаан хэрэгслээр иж бүрэн хангасан. Халуун, хүйтэн усыг нь цогцоор шийдэж, байрлах байрыг нь засварласан байгаа. Дээрээс нь оюутнуудынхаа амралт, тав тухтай байдлыг нь харгалзан 750 хүний хээрийн майхан, дагалдах хэрэгсэл олгож, нүүдлийн театр ажиллуулж байна. Манай залуус Рио-2016 оны олимпийн нээлтийг нүүдлийн театраар үзнэ. Цэргийн бахарлыг нь улам лавшруулах үүднээс дэлхийн мэргэшсэн цэргүүд буюу райнжеруудтай уулзуулж, тусгай бэлтгэлийн кино үзүүлж, сэтгэл зүйн бэлтгэлийн сургалт хийлээ. Танк доогуур оруулж, гал доогуур гаргасан гээд олон шалгуураар сургаж байна. Оюутан цэргүүдийн 80 гаруй хувь нь онц, сайн буудаж сурлаа. Ерөнхийд нь дүгнэхэд, энэ жилийн сургалтад хэд, хэдэн өөрчлөлт оруулсан. Нэгдүгээрт, урьд жилүүдэд Зэвсэгт хүчний ангиудаас салаан захирагч авч оюутан цэргүүдээ сургадаг байсан бол энэ жил БХИС төгссөн залуу дэслэгч нарыг шууд дадлагын журмаар ажиллуулж байна. Энэ нь боловсон хүчний бодлого, дадлага туршлага олгох давуу талтай. Хоёрдугаарт, оюутнууд өөрсдөө маш их идэвхтэй байна. Энэ нь өөрөө маш том давуу тал юм.

 

-Энэ жил анх удаа орон нутагт хэрэгжиж байна. Орон нутагт хөтөлбөр ямар явцтай байна вэ?
-Нийслэлтэй адилхан сургалтын хөтөлбөрөөр хичээллэсэн. БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсэг шалгалтаар яваад ирсэн. Сайн гэсэн үнэлгээ өгч байна лээ. Орон нутгийн оюутан цэргүүд энэ сарын 13 болон 15-ны өдрүүдэд тангараг өргөнө. Нийслэлийн хувьд өдрөө хараахан тогтоогоогүй байна.

 

-Эцэг эхчүүдийн зүгээс оюутан цэргүүдийн хоолны хангалтыг их сонирхдог?
-Өдөрт 4 удаагийн хоолтой. Халууны улирал таарч байгаа учраас хүйтэн усаар цаг тутамдаа хангаж байна. Мэдээж халуун, хүйтэн устай. Өнгөрсөн хугацаанд хангалт, үйлчилгээтэй холбоотой гомдол санал ирээгүй. Харин “Миний хүү их өөр болсон байна. Төлөвшсөн байна. Хүдэр чийрэг болжээ. Үг даадаг болсон байна. Баярлалаа” гэдэг урмын үгийг хэлж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хүү нь энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа юм байна. Тэгсэн “Мийгаа багш аа, манай хүү өдөрт фейсвүүк ухаад, хөгжим сонсоод сууж байдаг хүүхэд байлаа. Одоо бол үнэхээр өөр болжээ. Ярьж хэлж байгаа нь хүртэл нэг том эр хүн шиг болсон байна. Зан харилцаа нь төлөвшиж, барагтаа зүйлд алдахгүй мэт болжээ. Баярлалаа” гэж хэлж байна лээ. Сургалтаар өндөр жинтэй оюутнуудын жин хасагдаж, жижиг жинтэй нь таргалсан, тамхинаас олон оюутан гарлаа. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан залуус сурлагадаа амжилт гаргаж, бие хүн төлөвшиж сурч байна. Үүнийг сургуулийн удирдлагууд болон эцэг, эхчүүд бидэнд хэлж байна. Энэ сарын 6-нд их, дээд сургуулийн захирлуудыг оюутнуудтайгаа уулзах боломжийг нь олгоно.

Д.Болор

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …