Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хадагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хадагтай Биата Транкман НҮБ-ын 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болоход хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Тухайлбал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Хотуудын тогтвортой хөгжлийн зорилт”, “Орон нутгийн засаглалыг сайжруулах” хөтөлбөр, “Хотын ногоон хөгжил” гэсэн чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахад хотын даргын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Та бүхний гаргаж байгаа чухал санал санаачилгыг дэмжин ажиллах болно. Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй 2015 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд тусгасан асуудлын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар баталсан. Тиймээс Хотын хөгжлийн хөтөлбөрийг ерөнхий төлөвлөгөө , нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилттой уялдуулах хэрэгтэй. Хөгжил тодорхойлох олон баримт бичгүүдийг гаргаж байгаа ч хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Тиймээс баталсан баримт бичгүүдээ иргэдэд ил тод болгож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулах, хамтран ажиллах чиглэлээр ч тусгай төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн Улаанбаатар хот ногоон хот болох зорилт тавин ажиллаж байгаа учраас НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Ногоон хөгжил” төслийг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.