Сүхбаатар дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хурлаар “Нийслэлд Мал аж ахуй эрхлэх тухай” журмын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа болон дүүргийн 12-20 хорооны нутаг дэвсгэрт түр болон суурин мал аж ахуйтай өрхийн мэдээллийг сонсов. Зөвлөлийн хурлыг дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа удирдан явуулсан бөгөөд Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, хороодын Засаг дарга нар оролцож дээрх журмын хэрэгжилтийг хэрхэн хангах асуудлыг тал бүрээс нь хэлэлцлээ. Тухайлбал, иргэдээс мал бүхий айл өрхийн талаар байнгын гомдол, санал тасардаггүй, зуны улиралд зуслангийн бүсэд зарим аймгуудаас нэр бүхий айлууд тогтмол ирж зусдаг зэрэг асуудлыг ярилцав. Ингээд цаашдаа хэт халалттай холбоотойгоор гэнэтийн борооны улмаас хөрс орчин бохирдож Сэлбэ, зуслангийн гол дагуух бэлчээрт малын гоц халдварт өвчин гарч болзошгүйг анхаарч холбогдох албаныхан хамтарсан хяналт шалгалт хийх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.