Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгстэй ярилцлаа.
-Монгол ёс байна даа, та сайхан наадав уу?
-Сайхаан. Улсын баяраас хойш хөдөөгүүр явж сая л орж ирээд байна.Гурван аймгийн наадамд зодоглоод ирлээ.
-Танд хүнд сэдэв байж магадгүй. Гэхдээ ярилцлагаа энэ жилийн наадмын бөхийн барилдааны тухай, Р.Пүрэвдагва начинтай хийсэн барилдааны тань эргэн тойронд өрнүүлье.
-Миний хувьд тааруухан дурсамжтай наадам. Гэхдээ ярилцахад бол нээлттэй сэдэв дээ.
-Ерөөсөө л хүчит бөхийн барилдааны даваа болгон дараа жилийн наадам хүртэл ярих сэдэв байдаг. Ялангуяа энэ жилийн наймын давааны барилдааны тухай яриа одооч сонирхолтой хэвээрээ байна.Та бол фэйсбүүк хуудсаараа “Сүүлийн хоёр жил хөлийн цэц, шүүгчид, бөхийн холбоотой хамт барилдлаа” гэсэн тайлбар хийгээд л өөр юм хэлээгүй байгаа?
-Улсын наадамд бид бүтэн жилийн хугацаанд бэлддэг. Бүх зүйлээ зориулдаг. Гэтэл Хөлийн цэц, шүүгчид, бөхийн холбооны буруу үйлдэл, буруу шийдвэрээс болж бүтэн жилийн хөдөлмөр маань талаар болсон. Харамсахгүй байхын аргагүй, бухимдахгүй байхын аргагүй таагүй дурсамж.
-Яагаад сүүлийн хоёр жил гэж онцолсон юм бэ. Өнгөрсөн жилийн наадмаар үзүүрлэхдээ та бас л бөхийн холбооны буруу шийдвэртэй тулгарсан юм уу?
-Үзүүр түрүүнд хүссэн хүн болгон хүрдэггүй. Маш эгзэгтэй, маш их анхаарлаа төвлөрүүлж байж л түрүүлэх боломжтой. Гэтэл өнгөрсөн жил үзүүр түрүүний барилдаан болоход миний засуул хүний засуул шиг л ажилласан. Хүний засуул ч гэсэн өөрийн засаж байгаа бөхөө давахад тусалж мэх заахаас биш, өрсөлдөгч бөхийг нь шатаах, анхаарлыг нь сарниулах гэх зэргээр аашилж болохгүй л дээ.Би тэр хүний мөрөн дээрээс гарч байгаа, тэр хүн намайг давуулахын төлөө, үнэн шударга шүүхийн төлөө л тэрзүлэг ногоон дэвжээн дээр зогсож байгаа.Үүрэг нь ердөө л тэр байдаг юм.
-Тэгэхэд таны засуул хэн байсан билээ?
-Цогзол гуайн мөрөн дээрээс би гарсан. Гэтэл үзүүр түрүүний барилдаанд Цогзол засуул миний эсрэг ажиллаж эхэлсэн. Телевизийн камерийн бичлэгэн дээр ч тод байдаг юм. Миний чихэнд юм хэлээд л байдаг нь харагддаг. Барилдах гэхээр л чихэнд тэгж болохгүй, ингэж болохгүй, чи тэгээд байна гээд байсан. Золгохоор хойноос түлхээд л… Огт барилдуулахгүй байсан. Зорилго нь ерөөсөө л намайг шатаах. Сэтгэлзүйн дайралт хийх. Би ч сүүлдээ хяналтаа алдсан. Хяналтаа алдаад уурлаж байгаа маань ч бичлэг дээр бас харагддаг. Тэрнээс цааш өөрийгөө хянаж ч чадаагүй, барилдаандаа төвлөрье гэсэн ч чадаагүй. Гэтэл дээгүүр даваанд эн тэнцүү өрсөлдөгчид л хоорондоо тулдаг. Жаахан л анхаарал сарнивал, жаахан л болгоомжгүй хөдөлгөөн хийвэл өрсөлдөгчдөө давуу байдал бий болгодог. Сумын наадмын гурвын даваанд барилдаж байгаа юм шиг барилдахгүй шүү дээ. Бүгдээрээ л бүтэн жил бэлтгэлээ базаачихсан, цолоо ахиулж, тугаа тойрох гэсэн хүмүүс байгаа. Жаахан л анхаарал сарнихад бүх юм эргэж байдаг, тийм нөхцөлд барилдаан явагддаг. Өнгөрсөн жилийн наадмаар бол өрсөлдөгчтэйгөө төвлөрч барилдах боломжийг үзүүр түрүүний барилдаанд засуулаасаа болоод алдсан.Өөрийнхөө засуултай л “барилдсан”. Энэ жил ч гэсэн засуулууд, хөлийн цэцийнхэн зүгээр барилдуулаагүй. Гэхдээ миний засуул биш шүү. Миний шуудгийг стандарт бус байна гээд шуудгаа соль гэж хүртэл шаардсан.
-Хэдийн давааны барилдаанд тэгж байгаа юм бэ?
-Өмнөх долоон даваанд зүгээр л байсан. Р.Пүрэвдагватай барилдахад тэгсэн. Би өрсөлдөгч бөхийнхөө таашаалд нийцсэн зодог шуудагтай байх юм гэнэ.
-Шинээр хийлгэсэн зодог шуудаг юм уу?
-Үгүй, өмсдөг л зодог шуудаг маань. Заалны барилдаанд би энэ өмсгөлөө байнга л өмсдөг. Ийм шуудгийг маань барилдаан эхлэхэд соль гэж хэлсэн. Надад өөр зодог шуудаг байхгүй гэхээр хохь чинь гэж байгаа юм. Надад өөр шуудаг байгаагүй, тэгээд ч надад таарах нь ховор шүү дээ. Ингээд барилдаан дунд энэ мэтээр маргаан үүсгээд л байсан. Өнгөрсөн жил өөрийгөө шатаачихсан хүн энэ жил биеэ их барьсан л даа. Өөрийгөө шатаачихгүй юмсан, хяналтаа алдчихгүй юмсан гээд их хичээсэн.
-Тэр зодог шуудгийг Та хаанаас авсан юм. Үнэхээр стандарт бус байсан юм болов уу?
-Үгүй дээ. Зодог шуудаг хийдэг, мэргэжлийн зөвшөөрөгдсөн хүний урласан өмсгөл. “Саран зодог” гээд байдаг, Монгол бөхийн өргөөнд Б.Ганбаатар арслангийн эхнэр оёно. Мэдээж бүгд хууль дүрмэнд заасан стандартын дагуу л хийдэг.Би ч зодог шуудгаа тэднээр л хийлгэсэн.
-Шуудаг чинь стандарт бус байна гэдэг шаардлага бол хайнцлаа гэдгээс өмнөх үйл явдал байх нь тийм үү?
-Наймын давааны барилдаан дөнгөж эхэлж байхад л Хөлийн цэцээр ажиллаж байсан Х.Түвшинсанаа начин тэгж эхэлсэн. Зодог шуудагандаа ч биш, намайг шатаачих гээд л үзээд байгаа юм л даа. Өнгөрсөн жилийн наадмаар тэрэнд нь ороод өөрийгөө шатаачихсан хүн энэ жил бол их тэвчсэн дээ.
-Бөхийн дэвжээн дээр ийм юм болдог гэдгийг тэр бүр хүн мэддэггүй л дээ. Хөлийн цэц нь, засуулууд нь барилдаж байгаа бөхчүүдэд нөлөөлдөг гэдгийг анх удаа л сонсож байна.
-Барилдах явцад их юм болно оо. Энэ жил наймын даваанд Р.Пүрэвдагва начин барилдаж байхдаа мөргөөд байсан. Манай засуул үүнийг нь Хөлийн цэцэд хэлж байгаа юм. Тэгэхээр Х.Түвшинсанаа начин “Монгол бөх мөргөлдөж барилддаг юм” гэж байгаа байхгүй юү. Хэн дуртайдаа зориулж дүрэм зохиодог ийм Бөхийн холбоо, гарын даа, хөлийн цэцтэй баймааргүй байна.
-Таны засуул утсаа өрсөлдөгч бөхөд тань үзүүлээд байгаа дүрс телевизийн камерт буусан байсан. Унаад өгчих, мөнгө өгье гэсэн мэссэж ирснийг нь харуулж байсан гээд л шуугисан, Та сонссон уу?
-Сонссоон (инээв). Тийм юм гэж юу байдаг юм бэ. Цаг харуулж байгаа л юм. Барилдаан эхлээд тэдэн минут боллоо.Шахааны барьц авахад тэдэн минут дутуу байна ч гэдэг юм уу. Цаг л харуулж, сануулж байгаа юм. Барилдах тактик гэж байна шүү дээ. Би бас өөрийн давуу талаа бодож барилдана.Золгоон дээрээс бэлдсэн юм ч байгаа. Тэрийгээ хийх хугацаа нь яаж байна гээд тэр бүгдийгээ боловсруулахад засуул цаг хэлж өгдөг.
-Хайнцлаа, дахиж барилдуул гэсэн шийдвэр Хөлийн цэц гаргасан. Харин Та барилдахгүй бараг хоёр цаг шахам болсон. Тэр хугацаанд юу болсон бэ?
-Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж гуай, Д.Данзан гуай хоёр дээр очсон. “Дэлгэц дээр байгаа бичлэг харчих. Унасан бол хамаа алга, би элэг бүсээ тайлаад өгчихье” гэсэн. Яагаад ингэж шийдвэрлэж байгаа юм гээд очиж уулзсан.
-Тэгээд Бөхийн холбооны тэргүүнүүд Танд юу гэж байх юм. Бичлэгийг хамт үзэв үү?
-Бараг нүдээ таглах шахуу л юм болсон. Бид бичлэг үзэхгүй гэж байна лээ. Бөхийн холбооноос томилсон арван хүн байгаа, тэд л шийднэ. Бичлэг үзэх шаардлага байхгүй гэсэн.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу