Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 95 жилийн ой энэ жил тохиож байна. Эмнэлгийн хамт олон түүхт ойгоо энэ сарын дундуур тэмдэглэхээр төлөвлөн олон бүтээлч ажил, санал санаачлага хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус эмнэлэг нь 1921 онд Их Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдаж, улмаар 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцон эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмнэлэг юм. Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 027 дугаар анги нь 1983 оноос Клиникийн төв эмнэлэг нэртэйгээр ажиллаж байгаад 2012 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нэртэйгээр ажиллаж байна.
Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн бие бүрэлдэхүүн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон өдөр бүр өндөр ачаалалтай ажилладаг хамт олон юм.
Улсын хэмжээнд хордлогын яаралтай болон халуун зэвсгээс үүссэн гэмтлийн тусламж, Улаанбаатар хотын хэмжээнд хутга, мэснээс үүдэлтэй хүйтэн зэвсгийн гэмтлийн тусламжийг үзүүлэхийн зэрэгцээ Баянзүрх, Налайх дүүргийн ард иргэдэд мэс заслын яаралтай тусламжийг үзүүлж байна.
Батлан хамгаалах яам