Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.
Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн Барилга, хот байгуулалтын, Гадаад харилцааны, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад томилогдохоор нэр дэвшсэн Мөнхөөгийн Батбаяр, Гончигзэвэгийн Тэнгэр, Телуханы Аубакар нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянаад Барилга, хот байгуулалтын, Гадаад харилцааны, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна гэж үзэв.
Иймд М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн албан хариуг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.
iaac.mn