Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өчигдөр орой АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт болон Мянганы сорилтын корпорацийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Мянганы сорилтын корпорацийн зүгээс хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын ундны цэвэр усны чанар, хангамжийн чиглэлээр төвлөрүүлэх шийдвэр гаргаснаа дуулгаад шинэ Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамнаас энэ талаар ямар төлөвлөгөөтэй байгааг нь сонирхсон юм.
Салбарын сайд, МСК энэ удаагийн компакт гэрэний судалгааны үр дүн, хөрөнгө оруулахаар сонгосон чиглэл нь оновчтой байгаад талархаад энэ талаар Хотын дарга байхдаа ч хамтарч ажиллаж байснаа дурсан энэ удаад инженер хүний хувьд үр дүнг илүү чухалчилж байна. Мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөх ч боломжтой. Шинэ Засгийн газрын хувьд олон улсын төсөл хөтөлбөрийн мөнгөн үр дүн гэхээсээ илүү өмнөх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарч байгаа гэдгийг илэрхийллээ.
Мянганы хөгжлийн корпорацийн төлөөлөл мэргэжлийн хүнтэй хамтарч ажиллах боломж гарсанд талархаж байгаагаа илэрхийлээд Удирдах зөвлөлдөө танилцуулсны дараа буюу ирэх оны есдүгээр сард хөрөнгө оруулалтын хэмжээ, гэрээ хэрэгжиж эхлэх хугацаа тодорхой болно гэдэг мэдээллийг өгсөн юм. Гэр хорооллыг барилгажуулах ажил нь шинэ Засгийн газрын тэргүүлэх ажил, тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд гол шийдэл нь цэвэр усны эх үүсвэр, дэд бүтцийн асуудал , үүнийг ч хөрөнгө оруулагчид мэдэрч сонирхож эхлээд байгаа билээ.