БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Монгол Улсад айлчилж буй Мянганы сорилтын корпорац /МСК/-ийн Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудын Компакт гэрээний үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Фатима З Сумар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал, МСК-ийн Монгол Улсыг хариуцсан багийн ахлах Деепа Гош,Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос нарын хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд хатагтай Фатима З Сумар шинэ Засгийн газартай МСК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хоёр дахь компакт гэрээг боловсруулах болон хэрэгжүүлэх асуудлаар хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. МСК Монгол Улсад хэрэгжүүлэх хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтаар усны салбарт цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Усан хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, ус ашиглалтыг сайжруулах гурван чиглэлээр төслийн санал гаргаснаа БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд танилцууллаа. Үүнд Улаанбаатар хотын дээд, доод хэсэгт усан хангамжийн систем барих, газрын гадаргын усыг нөөцлөх болон аж үйлдвэрийн салбар, цахилгаан станцуудад усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. МСК-ийн санал болгож буй төсөл хэрэгжсэнээр Туул голын урсац сайжирч, усны нөөц нэмэгдэн, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг бодитой үр дүн гарна гэв.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас Монгол орны усны нөөц хомсдох шинжтэй болсон энэ үед МСК-ийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулж байгаад талархал илэрхийлэв. МСК-ийн санал болгож буй төслийн саналуудыг дэмжиж, үр дүнтэй хамтран ажиллана гэлээ. Улаанбаатарчуудыг усаар хангадаг Туул голын урсац, усны нөөцийг нэмэгдүүлэх, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, саарал усны технологи ашиглах зэрэг нэн тулгамдсан асуудлуудад хөрөнгө оруулах гэж буйг тун чухал, нүдээ олсон ажил гэж үзэж буйгаа хэллээ.
Улмаар Улаанбаатар хот орчмын гүний усны бохирдуулагч нэг хүчин зүйл болж байгаа хөрсний бохирдлыг багасгахад хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг чиглүүлэх саналаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уламжиллаа. Гэр хорооллын ил задгай 00-уудын олон жилийн бохир хөрсөнд нэвчиж, гүний усыг бохирдуулж байгаа мэргэжлийн байгууллагуудын судалгаа ч гарчээ. Иймээс энэ асуудлыг судалж, төсөлд хамруулж өгөхийг хүсэв. МСК-ийн албаны хүмүүс уг асуудлыг судалж үзэхээр болов.
Уулзалтын эцэст БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, МСК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэх асуудлаар шуурхай ажлын хэсэг томилж, шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллана гэлээ. МСК-ийн Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудын Компакт гэрээний үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Фатима З Сумар, усны салбарт хэрэгжүүлэх цогц хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Д.Оюунхорол сайдыг ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.