Л.Ундралбат: О.Гүндэгмаад боломж байсан ч ашиглаж чадсангүй

e499ed4b621f1646c5406d4306401ed6_x3

МУХБ МУГТ О.Гүндэгмаа эхний тогтоол буудлагад 30 сумаа тааруухан буудаж, оноо алдсан. Харин хурдан буудлагадаа өндөр оноо авсан ч эцсийн дүн гарахад 579 оноо авч 12-р байрт орж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Тэмцээний талаар дасгалжуулагч Л.Ундралбат, МУГТ О.Гүндэгмаа нартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Сур: Тогтоол буудлагадаа бэлтгэл дээр байсан шигээ буудаж чадсангүй. Ямар нэг бэрхшээл  байсан уу?

О.Гүндэгмаа: Өчигдөр бэлтгэл дээр техникийн багахан гэмтэл гарсан. Үүнийгээ засвар хийлгэвэл бүр өөрчлөгдчихаж магад гээд хийлгээгүй юм. Тэгээд л тэр чигээр нь тогтоол буудлагадаа ороод, муу оноо авлаа. Түүнийхээ дараа шууд бууныхаа гэмтлийг засуулсан. Тэгээд боломж байсан учраас түргэн буудлагадаа их хичээж буудсан ч чадсангүй.

Сур: Олимп болохоос нэг хоногийн өмнө буунд өөрчлөлт гарсан гэж та хэллээ. Яг ямар өөрчлөлт гарсан юм вэ?

О.Гүндэгмаа: Яг нэг хоногийн өмнө ч биш л дээ. Техник учраас бэлтгэл хийж байх явцад элэгдэл гэж байдаг. Тийм учраас жоохон өөрчлөлтийг их хүндээр хүлээж аваагүй юм. Ингээд буудаад болж л байсан учраас засуулчихвал бүр учир нь олдохгүй болчих байх гэж бодоод буудсан.

Сур: Дасгалжуулагчийн хувьд харахад тамирчдын хувьд өмнөх олимпоос онооны хувьд сайжирсан байна уу?

Л.Ундралбат: Тиймээ. Олимпийн дээд амжилтыг эвдлээ. Бээжингийн олимпод О.Гүндэгмаа олимпийн дээд амжилтыг давтаж байсан. Харин Лондонгийн олимпод Солонгосын тамирчин 591 онож, дээд амжилтыг шинээр тогтоож байсан. Харин сая 592 онож, дээд амжилт эвдэгдэж байна. Манай хоёр тамирчны ажилласан байдлыг харахад боломж бол байсан. О.Гүндэгмаагийн хувьд бууных нь  гохонд өөрчлөлт ороод тиймхэн юм болчихлоо. Гэхдээ техник руу буруу өгөх эрх бидэнд байхгүй. Ц.Мөнзулын хувьд таван суман дээр тактикийн алдаа гаргаж буудлаа. Түүнд түргэн буудлагадаа илүү өндөр оноо авч, феналд үлдэх боломж байсан гэж бодож байна. Харин О.Гүндэгмаагийн хувьд тогтоол буудлага дээрээ гохтойгоо ноцолдсоор байгаад 284 оноо авсан. Гэхдээ л боломж байсан ч чадсангүй ээ.

Сур: Бусад орны тамирчдын хувьд ямар байсан вэ?

Л.Ундралбат: Лондонгийн олимпод Германы буудлагын баг, ОХУ-ын буудлагын баг медаль авч чадаагүй. Энэ хоёр улс зэвсэглэл сайтай улс. Тэрэндээ ч юмуу их дүгнэлт хийсэн байх. Оросууд бол сүүлийн дэлхийн хоёр цомын тэмцээнийг алгасаад цугларалтын журмаар бэлтгэл хийж байгаад орж ирлээ. Тэгээд энэ жил тамирчид нь маш сайн оролцож байна. Их гүрэн гэдэг утгаараа бэлтгэлд нь маш сайн анхаарал хандуулж чадсан нь харагдаж байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний олон нийтийн телевиз

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …