Монголын моно жүжгийн хөгжлийн төв “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оноос эхлэн “ЯЛАГЧДЫН ЦУВАА – УЛААНБААТАР” Олон Улсын Моно Жүжгийн Фестивалийг зохион байгуулж байгаа билээ.
“Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016” фестиваль ирэх 8-р сарын 15-19-ний өдрүүдэд УДЭТ болон УХТ-т явагдах ба Польш, Армени, ОХУ, Англи болон Монголын жүжигчид өөрсдийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдээ Монголын үзэгчдэд хүргэх юм.
Монодрам буюу нэг хүний жүжиг хэмээх төрөл эртний грекээс эхлэн хөгжиж 1700-аад оны сүүл үеэс Франц, Германд хүчээ аван ихэд дэлгэрсэн байдаг.Жүжиг эхлэхээс төгсөх хүртэл гол дүрийн жүжигчин нь хэд хэдэн дүрд хувирах, эсвэл үзэгчидтэй, эсвэл ямар нэгэн амьгүй биет, эсвэл хэн нэгэн төсөөллийн хүнтэй, нэг бол өөрийнхөө дотор хүнтэй хөөрөлдөх, ярилцах зэргээр жүжиглэдэг ба гол төлөв сэтгэлзүйн асуудлыг хөнддөг, нарийн мэдрэмж шаардсан, жүжгийн урлагийн нэгэн онцгой төрөл юм.
2014 онд УДЭТ-ын жүжигчинЦ.Баясгалан Олон Улсын Моно Жүжгийн Фестивалиас Гранпри шагналыг анх удаа эх орондоо авчирсан бөгөөд, түүнийг “Би Эдит Пиаф байна”, “Парисын Дарь эхийн сүм”, “Хайрын виз”, “Нууц амраг чинь болъё”, “Домогт Ану хатан”, “Чөлөөт хос” зэрэг олон жүжиг, дэлгэцийн хэд хэдэн бүтээлээр нь бид таних билээ.
“ЯЛАГЧДЫН ЦУВАА – УЛААНБААТАР 2016” Олон Улсын Моно Жүжгийн Фестивалиар авъяаслаг жүжигчин Ц.Баясгалан болон гадаад орнуудаас хүрэлцэн ирсэн, цуутай 4 жүжигчний шилдэг үзүүлбэрийг нэгэн тайзнаас үзэх ховор боломж 8-р сард тохиож байна.
Энэхүү фестивалийг хамтран зохион байгуулдаг НЗДТГ, Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Хүүхэлдэйн Театр, Соёл Урлагийн Их Сургууль, Sound of Mongolia, мөн ивээн тэтгэгч Монтулга ХХК, All Engineering Service, Мөнх Тэнгэр жуулчны бааз, Польшийн Culture.PL компанийн хамт олондоо талархал илэрхийлье.
Эрхэм үзэгчид та бүхнийг 8-р сарын 15-ны өдөр УДЭТ-т болох фестивалийн нээлт болон 16-19-ний өдрүүдэд Хүүхэлдэйн Театрт тавигдах тоглолтууддаа урьж байна.