Монгол банкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын ар араасаа хийсэн мэдэгдлүүд нэг талд улс төрийнхнийг талцуулж, нөгөө талд ард иргэдийн “нурууг нь авах” мэт хүнд туслаа.
Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы хуралдааны үеэр “төв банкны долларын нөөц хасахтай гарсан” тухай мэдээлсэн. Тэгвэл үүний араас өнгөрөгч Мягмар гарагт Сангийн сайд эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ “төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрчээ. Хагас жилийн гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрсэн төсвийн алдагдал нэгхэн сарын дотор 900 тэрбум төгрөг болж өссөн” хэмээн мэдэгдсэн. Товчхондоо, өмнөх Засгийн газрын балаг нь эдийн засгийг дампууруулсан гэх санааг төрүүлж байгаа юм.
Дээрх мэдэгдлүүдийг сөрөг хүчнийхэн ихээхэн буруушааж Ардчилсан намын экс дарга З.Энхболд, хотын экс дарга Э.Бат-Үүл нар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар залруулж болохгүй алдаа хийснийг онцлон хэлээд “Одоогийн санхүүгийн хүндрэл улс орныг өрөнд оруулчихлаа гэдэг бол шинэ зүйл биш. Сонгуулийн өмнө биднийг гүжирдэж ярьж байсныг баримтаар нотолж дэлгэн харуулж байсан. Энгийн жишээ гэвэл улсын төсвийн алдагдал оны эцэст 5 их наяд төгрөгт хүрнэ гэж ярьсан. Манай улсын төсвийн нийт орлого 7 их наяд шүү дээ. Тэгэхээр улсын төсвийн орлого 70 хувиар тасарна гэж тооцоолж байгаа бол энэ улсад татвар төлдөг байгууллага нэг ч үлдэхгүй болно гэсэн үг. Монголбанкны Ерөнхийлөгч ажлаа өгөхөд дансанд нь 1,3 тэрбум ам.доллар үлдсэн байдаг. Өдөр бүр сая сая доллараар интервенц хийгээд байгаа нь тэр 1,3 тэрбум ам.доллараас хийгдэж байгаа юм. Гэтэл Н.Баяртсайхан томилогдохдоо УИХ-ын чууган дээр -400 сая ам.долларын нөөцтэй байна гэж хэлснээс болоод валютын ханш 150 төгрөгөөр өслөө. Үүнээс болж нийт Монголчууд хохирч байна” хэмээв.
Мөн энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс санал сэтгэгдэлийг нь асуухад тэрбээр “Бодит мэдээллийг ард түмэнд өгөөгүй, эдийн засгийг ийм болтол нууж байсан хүмүүс хариуцлага үүрэх, эсвэл бодитой биш мэдээллээр ард түмнийг бужигнуулаад, эдийн засагт хохирол учруулсан гэж үзэж байгаа бол тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой” гэв.