Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа “Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам , “Монголын төмөр зам” ХХК, Хүүхдийн парк нэгдлээ.
“Шарилжгүй Улаанбаатар ” хөдөлгөөнд дээрх байгууллагууд төмөр замын Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх хамгаалалтын бүс доторхи шарилжны анхны хадалтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгч буй мэргэжил аргазүйн зөвөлгөөний дагуу 8 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний хооронд зохион байгуулахаар болов. Цаашид уг ажлыг жил бүрийн 5 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд зохион байгуулж, төмөр замын хамгаалалтын 2 талын бүс дагуу 9 дүгээр сарын 25-наас дээрх газруудад мод тарина гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.