Чин Ван Ханддоржийн өргөөг танилцуулж байна

p1aqgas1mnvpa1mrkijm1ib15l52

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дурсгалт барилгуудыг  нэрлэж, Чин ван Ханддоржийн өргөөг танилцуулж байна.

Товч түүх:
Богд хаант Монгол Улсын үед Нийслэл хүрээнд баригдсан гоёмсог байшингийн нэг нь Чин ван Ханддоржийн өргөө юм. Түүний өргөөг хүрээнийхэн “Дайчин вангийн өндөр” гэж нэрлэдэг байв. Энэ байшинг 1913 онд Богд хаант Монгол Улсын гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж сууцандаа зориулан бариулж, 1915 онд насан эцэслэтлээ амьдарч байжээ. Ардын засгийн эхний жилүүдэд хичээнгүй сайд Б.Цэрэндорж сууж байв. 1923 онд уг байшинг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлжээ.

Чин ван Ханддоржийн байшин нь монголын орон сууцны барилгын нэгэн чухал дурсгал бөгөөд төлөвлөлт, чимэглэлийн хувьд сүм дуганы барилгаас ялгаатай. 7,5 м х 16,0 метрийн хэмжээтэй, тоосго, модон хана, модон дээвэртэй, сууцны зориулалттай хоёр давхар эл байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой гонхон маягийн бөгөөд зун суухад зориулагджээ. Өдгөө тус байшинд Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей байрлаж байна.

p1aqgas1mn109m16o29i312ds118o1

Хамгаалалтын зэрэглэл:
БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан.

Байршил:
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн зүүн хэсэгт байдаг.

Солбилцол:
N47 54 49.8
E106 54 34.1

Онцлог:
Дорнод Сибирийн уламжлалт болон сүм хийдийн хосолмол загвартай барилга

p1aqgas1mn1k1mn19f2dht8vc3

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …