Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын нийт хамт олон, үе үеийн ахмад буурлууд, салбарын хөгжлийн төлөө нэгэн зорилгоор түүхийг бүтээлцэж байгаа хувийн хэвшилд ажиллаж байгаа мэргэжил нэгт хамт олон та бүхэндээ Эрчим хүчний салбарын ажиллагсадын өдрийг тохиолдуулан баярын мэндийг дэвшүүлье.
2016 оны сонгуулиар байгуулагдсан Засгийн газар, үүний дотор эрчим хүчний яамнаас өөрийн бүрэн эрхийн хугацаанд Монгол Улсын хөгжил дэвшилийн тогтвортой байдлыг хангах, төв ба орон нутгийн ард иргэд, аж ахуйн нэгжийн ая тухтай байдал үйлдвэрлэлийн хөгжлийг зардал багатай цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах үйлсдээ хүнд сурталгүй, түргэн шуурхай, ил тод үйлчилгээгээр ханган ажиллах үйл ажиллагаагаа салбарын бүхий л цэгт хэрэгжүүлэх болно.
Мөн Монгол Улсын нийгэм эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед эрчим хүчний салбарыг тогтвортой байлгах үүднээс төрийн хөгжлийн бодлого үйлдвэржилтийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэглээний өсөлтөөр шаардагдаж байгаа цахилгаан, дулааны эх үүсвэрүүд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг байршил хүчин чадлын хувьд оновчтой сонгож 400-1000 МВт хүртэлх хүчин чадалтай эх үүсвэрүүдийг барьж ашиглалтад оруулж хэрэглэгчдийг хангахаар салбарын хамт олон бодлого, санаа, зорилгоо нэгтгэн хэрэгжүүлэхээр ажлын гараагаа эхлэж байна.
Эрчим хүчний салбарт богино хугацаанд бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийн тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжин ажиллах ба ард иргэд, аж ахуйн нэгжид үнийн дарамтыг гаргахгүй байхаар зорилт тавин ажиллаж байна.
Наран дэлгэрт Монгол орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ тайван амгалан байдлыг хангах үйлсэд оюун ухаан, ажил хөдөлмөрөө дайчлан ажиллаж байгаа салбарын оюунлаг, чадварлаг, тэвчээрлэг, хөдөлмөрч, бүтээлч инженер техникийн ажилчид, ахмад буурлууд, эрдэмтэд хамт олон та бүхэндээ баярын тань өдрийг тохиолдуулан ажил хөдөлмөрийн өндөр амжилт, ар гэрт тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД П.ГАНХҮҮ