Нийслэл Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

1472602102_b0b8012ec7b711494ccb761df37776d7

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн захирал, суурин төлөөлөгч хатагтай Ашлэй Вэйлэнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ардчиллыг бэхжүүлэх, иргэнд төвлөрсөн засаглалыг дэмжин ажиллахын тулд Засгийн газар, улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн үйл ажиллагаанд талархал илэрхийлээд, 2003 онд тус хүрээлэнгийн урилгаар АНУ-д сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр сургалтад хамрагдаж байснаа хэллээ.  Мөн цаашид нийслэлтэй хамтран хэрэгжүүлж байгаа бүхий л ажлуудыг дэмжиж, илүү шинэ шатанд гаргахад анхаарч ажиллана гэсэн юм.
Хатагтай Ашлэй Вэйлэн “Бид 1992 оноос эхлэн Монгол улстай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай маш нягт хамтын ажиллагаатай байдаг. Сүүлийн хоёр жилийн турш сайн засаглалын хөтөлбөрийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, “Нээлттэй Улаанбаатар” Авилгын эсрэг форумыг зохион байгуулсан. Мөн “Авилгын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг  нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах  чиглэлээр зөвлөгөө өгч ажилласан, төсвийн ил тод байдлыг хангах чиглэлээр ч багагүй ажлууд хийж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хот 1,3 сая хүнтэй.  Жилд дунджаар 25-30 мянган хүн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирдэг. Тиймээс та бүхэнтэй хамтран иргэн бүрийн оролцоог хангах тал дээр хамтын ажиллагаагаа  бэхжүүлэх нь чухал байна. Цаашид төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлсон судалгааг хамтран гаргах саналтай байна” гэлээ.  Түүний саналыг дэмжин хамтран ажиллахаа хатагтай Ашлэй Вэйлэн илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …