Улаанбаатар хотын цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалангийн мэдээлснээр хэв журмын урамшуулалт эргүүл маргаашнаас ажиллаж эхэлнэ. Энэ онд нийт 2500 иргэнийг эргүүлд ажиллуулахаар төлөвлөж байгаа юм. Хулгай, дээрмийн гэмт хэргийг бууруулахад засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, оршин суугчдын хамтын хүч, оролцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс гэр хорооллын гудамж, орон сууц бүрт тухайн орчинд амьдардаг, оршин суугчдаа сайн мэдэх иргэнийг сонгон, эргүүл хийлгэхээр болсон. Эргүүлд ажиллах иргэдийг сар бүр 25 мянган төгрөгөөр урамшуулна гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан хэллээ.
Хэв журмын эргүүл ажилласнаар нийслэлийн иргэдийн идэвхи санаачлагад суурилсан хяналт бий болж, аюулгүй, айдасгүй орчин бүрдэж, гэмт хэрэг зөрчлийн тоо буурна гэж үзэж байна.
Харин “Ухаалаг цагдаа” төсөл хоёр үе шаттай хэрэгжинэ.
Нэгдүгээр үе шат – 2016 он
- Цагдаагийн 152 хороо, дэд хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбох
- Гэмт хэргийн орон зайн мэдээллийн систем
- Барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээниий нэгдсэн хяналтын систем
- Мэдээлэл дамжуулах цогц программ хангамжийн өргөтгөл
- “Ухаалаг цагдаа” мэдээлэл дамжуулах ухаалаг төхөөрөмж
- Дүн шинжилгээний систем
Энэхүү төсөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах, иргэн, жолооч, тээврийн хэрэгсэл, эрэн сурвалжлалтын талаарх мэдээллийг шуурхай бэлтгэх, дамжуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх цогц арга хэмжээ юм. Төслийг Улаанбаатар хотын цагдаагийн газар нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.