Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 8 дугаар сарын 31-нд болж хуралдаанаар нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг явуулдаг байна. Энэ удаагийн тооллого нь зургаа дахь удаагийнх бөгөөд нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой 733 байууллага хамрагджээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасангийн танилцуулснаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэг 206, сургууль 110, эрүүл мэндийн байгууллага 26, өрхийн эмнэлэг 129, төсөвт байгууллага 188, үйлдвэрийн газар 68, нийслэлийн оролцоотой хуулийн этгээд 6 тоологдсон байна. Түүнчлэн 32,596,2 га талбай бүхий 1847 байршил дахь газрыг нийслэлийн өмчийн оролцоотой 491 хуулийн этгээд эзэмшиж байна гэсэн дүн гарсан байна. Харин бүртгэлд тусгагдаагүй нийт 167,169,0 сая төгрөгийн өртөг бүхий 16 барилга, 1 тээврийн хэрэгслийг байгууллагуудын дансанд тусгуулсан гэдгийг тодотголоо.
Хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр барьсан автозам, автозамын өргөтгөл, уулзварууд, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр хийсэн нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг тохижилтын ажлууд хөрөнгөд бүртгэгдээгүйг тэрээр хэллээ. Түүнчлэн нийт 21 байгууллагын дансад бүртгэлтэй 782,0 сая төгрөгийн 9 барилга байгууламж, 553,0 сая төгрөгийн 17 тээврийн хэрэгсэл, 74,5 сая төгрөгийн тавилга эд хогшил, тоног төхөөрөмж дудагдсан дүн гарчээ. Эд хөрөнгө дутагдсан шалтгаан нь данс бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ цаг хугацаанд нь холбогдох байгууллагуудад тавьж шийдүүлээгүй, эрх бүхий байгууллагын шийдвэршүй дур мэдэн хөрөнгөө захиран зарцуулдаг зэрэгтэй холбоотой гэж тайлбарлалаа.
НИТХ-ын Тэргүүлэгчид, нийслэлийн өмч, эд хөрөнгийг бүртгэж эзэнжүүлэх нь маш чухал. Гэтэл ийм их хэмжээнийи хөрөнгө дутсан гэсэн дүн гарсан анхаарал татаж байна. Нийслэлийн өмчийн данс бүртгэлийн ажлыг сайжруулах хэрэгтэй. Тооллоор илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулж, хуулийн дагуу хариуцага тооцох хэрэгтэй гэсэн саналыг хэлж байлаа.
НИТХ-ын дарга Ц.Сандуй, бүртгэгдээгүй өмчийг энэ ондоо багтаан заавал бүртгэлт хамруулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Мөн хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө дутагдалтай гэж гарсан нь харамсалтай байна. Цаашид энэ зөрчлийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр холбогдох газрууд анхаарч ажиллаарай гэлээ. НИТХ-ын Тэргүүлэгчдээс нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг нийт 1 их наяд 229,3 тэрбум төгрөгөөр баталгаажуулан тогтоол гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.