Тусгай замын автобусны эхний коридорыг ирэх жил ашиглалтад оруулахаар санал солилцов

1473047180_4d67ac69ae4eacbb98eaaef8048d90c6

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал, ноён Роберт Гайлыг хүлээн авч уулзан “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” / Тусгай замын автобус буюу BRT / төслийн талаар санал солилцлоо.
Ноён Роберт Гайл “Азийн хөгжлийн банк нийслэл хоттой хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Тусгай замын автобус буюу BRT”  төсөл юм.  Төслийг эхүүлэхээр талууд 2014 онд гэрээнд гарын үсэг зурсан ч төслийн явц удаашралтай байгаад санаа зовниж байна. Тиймээс төслийг аль болох богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэлээ.  Мөн ирэх жил  тусгай замын автобусны эхний коридорыг ашиглалтад хүлээлгэн өгөхийг эрмэлзэлж байгаагаа хэллээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хот бол хүн ам ихтэй, хөгжиж байгаа хот. Тиймээс хотын нийтийн тээврийн асуудлыг шийдэх нь хотын өмнө тулгамдсан асуудлын нэг. Төслийг ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх тал дээр бүхий л бололцоогоор ханган ажиллана. Мөн BRT төсөлтэй уялдуудан цаашид нийслэлийн нийтийн тээврийн чиглэл, зогсоолыг оновчтой төлөвлөхөд чиглэсэн судалгаа хийж, хамтран хэрэгжүүлэхийг хүсч байна” гэсэн юм.
Уулзалтын үеэр ноён Роберт Гайл ирэх сарын сүүлээр нийтийн тээврийг хөгжлийг чадвахжуулах сургалтыг 3 өдрийн турш зохион байгуулж,  нийтийн тээврийн чиглэл зогсоолын төлөвлөлт, Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг зэргийг танилцуулна гэдгийг дуулгалаа. Түүнчлэн нийтийн тээврийн хөгжилд шинэ дэвшил авчрах “Тусгай замын автобус BRT” төслийг бодит бүтээн байгуулалт болгоход бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн гэдгээ  талууд онцолж байв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …