Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 29-нөөс газар олголтыг түр хугацаанд зогсоосон. Гэвч далд хэлбэрээр газар олголт явагдсаар байгаа. Тиймээс ч иргэд холбогдох албаныханд гомдол, мэдээлэл хүргүүлсээр байсан юм. Тухайлбал, Налайх хотын иргэдээс НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханд газар олголтын асуудлаар гомдлоо хүргүүлсэн. Энэ дагуу НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нарын хүмүүс өчигдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр Налайх хотын газрын албанд очиж, ажилтай нь танилцлаа.
Өмнө С.Амарсайхан Налайх хотын газрын алба, газар олголттой холбоотой шаардагдах захирамж, шийдвэрүүдийг авах хүсэлт хүргүүлсэн боловч ямар нэг хариу ирүүлээгүй байна. Тиймээс ч гэнэтийн гэмээр шалгалтыг орууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд Налайх хотын Засаг даргын тамгын газрын архивын мэргэжилтнээс эрхийн дагуу бичиг баримт шаардахад гаргаж өгөхгүй татгалзсан үйлдэл гаргасан юм. Энэ нь НИТХ-ын төлөөлөгийн бүрэн эрхэд халдсан, ил тод байдлын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, хууль бус үйлдлээ нуун далдлах гэсэн зорилготой гэж харагдаж байлаа.
НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхантай хамт Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, түүний орлогч Д.Загдсамбар нарын хүмүүс ирж бичиг баримтуудтай танилцсан юм. Энэ үеэр албан бичиг баримтуудаас хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн юм.
1.Налайх хотын Спорт цогцолборт олгосон газрын эрхийг цуцалж, өөр байгууллагад өгсөн.
2.Налайх хотын ЗДТГ нь өөрийн харьяалалд Оршуулгын газрын зориулалттай 150 га газрыг олгох захирамж гаргасан
3.Нийслэлийн өмчийн харилцааны газраас 07-р сарын 29-нөөс хойш газар олгохгүй байх тогтоомжийг гаргасан ч 8, 9 сард л гэхэд нэг өдөрт 1, 5 дугаар хороонд 139 газар олгосон шийдвэр гаргасан байна.
Эдгээр захирамжуудыг Газрын албаны захирамжуудтай тулгахад зарим бичиг баримт нь дутуу зарим нь тухайн хэсгийг хариуцсан газрын мэргэжилтнүүд нь өөрсдөө ч мэдэхгүй гаргасан захирамж тушаалууд байсан юм.
Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун дээр дурдсан зөрчлүүд болон бусад зөрчилтэй захирамж тушаалуудад үндэслэн Нийслэлийн газрын албанаас Налайх хотын газрын албанд албан ёсны шалгалт хийнэ гэдгээ мэдэгдлээ.
Налайх дүүргийн иргэдээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөө газрын албаны булхай хэрээс хэтэрсэн болохыг, мөн дарааллын дагуу иргэддээ газар олгохгүй хэрнээ дээд албан тушаалтнууд нь өөрсдийн хамаатан саданд газар олгодог, байгууллага хувь хүний нэр дээр байгаа газрыг цуцлан өөр байгууллагад өгдөг гэсэн гомдлыг өдөр тутамд ирүүлдэг байна. Энэ талаар Налайх дүүргийн ЗДТГ болон газрын албанд хүсэлт, өргөдөл гаргадаг боловч ямар нэгэн хариу ирүүлдэггүй гэжээ. Энэ талаар Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханаас тодрууллаа.
– Өнөөдөр газрын албаны ажлын явцтай танилцлаа. Яг ямар зорилгоор өнөөдөр гэнэтийн шалгалт хийв?
– Дүүргийн иргэд сонгогчдын хүсэлтээр Нийслэлийн газрын албаны удирдлагуудтай дүүргийн тамгын газар болон дүүргийн газрын албанд ирж үйл ажиллагаа болон холбогдох захирамж, шийдвэрүүдтэй танилцлаа. Ингэж танилцах болсон гол шалтгаан нь дүүргийн иргэд сонгогчдоос газартай холбоотой санал гомдлууд маш их ирж байгаа юм. Тухайлбал,
1.Өргөдлийнхөө дагуу өөрсдийн өмчлөх газраа авч чаддаггүй
2.Дүүргийн удирдлагууд өмчлөх ёстой газруудыг хууль бусаар хувь хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагуудад өгч байна.
3.Налайх дүүргийн газрын алба үйл ажиллагаагаа ил тод хараат бусаар явуулах чадамжгүй болсон байна.
Үүнээс гадна “Налайх дүүргийн газрын алба хийх ёстой ажлаа хийж чаддаггүй. Газрын албаны ажлыг дүүргийн Засаг Даргын Тамгын газрын эрх барьсан, дээд албан тушаалтнууд нь хийдэг. Ямар тушаал, шийдвэр, захирамж гаргаж байгааг нь газрын албанынхан нь мэддэггүй. Мэдсэн ч түүнийгээ иргэдэд мэдээллэдэггүй. Засаг захиргааны ажилтнууд нь өөрт хэрэгтэй хууль бус шийдвэрүүдийг гаргадаг. Түүнээс гадна төрийн албаны ажлыг ямар ч эрх үүрэг хүлээгээгүй дүүргийн хэсэг бүлэг иргэд, тодорхой бүлэглэлүүд газрын албаны ажилчдыг дээрэлхэж дарамталдаг хууль бус шаардлага тавьдаг. Өөрсдийн дураар газрын албаны өмнөөс шийдвэр гаргадаг зохион байгуулалттай, хууль бус үйл ажиллагаанууд хэрээс хэтэрсэн байдалтай байгаа”-г мэдэгдсэн.
Эдгээр асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчийн хувьд газар дээр нь арга хэмжээ авч шийдвэрлэх зорилготойгоор энд ажиллалаа.
-Одоогийн байдлаар хэдэн иргэнээс санал гомдол ирээд байгаа вэ?
-Ер нь бол санал гомдлын тоо нь алдагдсан гэж хэлж болохоор. Энэ бол зөвхөн өчигдөр, өнөөдрийн асуудал бус. Сүүлийн 3 жил яригдаж байгаа асуудал юм. Надад иргэдээс ирсэн хэдэн зуун гомдол байна. Хамгийн сүүлд л гэхэд 50 – 60 хүний гарын үсэгтэй гомдол ирсэн байна.
– Газрын албаны шийдвэр тогтоолуудтай танилцахад ямар, ямар зөрчил илэрсэн бэ?
– Өнөөдөр дээр дурдагдсан асуудлуудыг шийдвэрлэхээр ирж өөрийн эрх үүргийнхээ хүрээнд захирамж шийдвэрүүдэй танилцахыг хүсэхэд ЗДТГ-ын архивын ажилчид өрөөндөө оруулахгүй, улс төржүүлж, гүтгэн доромжилсон ийм байдалтай байна. Хамгийн түрүүнд илэрсэн ноцтой зөрчил бол дүүргийн Спорт цогцолборын газар эзэмших эрхийг цуцлан танил тал найз нөхөддөө тараан олгосон явдал юм.
Мөн Налайх хотын захирагчийн ажлын алба 150 га газрыг Оршуулгын зориулалтаар өөрсдийнхөө нэр дээр авсан байх жишээтэй. Налайх хотын захирагчийн ажлын алба гэдэг нь дүүргийн ахуй амьдрал, эдийн засаг, иргэдийн ажиллаж амьдарч байгаа орчны нөхцөл байдлыг сайжруулахын төлөө ажилладаг байгууллага болохоос биш нэр дээрээ оршуулгын газар авч буяны үй ажиллагаа явуулдаг газар биш юм. Гэх мэтээр цааш нь дамжуулж худалддаг наймаалдцдаг арга хэрэгсэл нь нарийн болчихсон хүндрэлтэй асуудал байна. Зөвхөн Налайх гэлтгүй бусад олон дүүргүүдэд ийм байдал газар авсан байгаа.
Нийслэлийн засаг даргын тушаалаар хууль бусаар газар олголт, газрын наймаатай холбоотойгоор 7-р сарын 29-нөөс газар олголтыг зогсоож түдгэлзүүлсэн . Ийм албан даалгавар ирсэн байхад 8, 9 сард зөвхөн нэг өдөр л гэхэд 139 хүнд газар олгох захирамж гаргасан байна. Тэнд засаг дарга нь захирамж гаргаж байхад энд газрын албаныхан нь мэддэггүй. Энэ мэтчилэн ноцтой зөрчлүүд илэрлээ.
– Газрын албаны ажилчид нь сая шалгалт явуулахад өөрсдийн гаргасан шийдвэрүүдээ мэдэхгүй байна гэлээ. Гэтэл дээрээс нь хэдэн зуугаар нь газар олголт хийгдсэн байна шүү дээ. Мэргэжилтнүүд нь мэдэлгүйгээр дээд албан тушаалтан нь газар олгоод байна гэсэн үг үү?
– Газар олголт зөвшөөрлийг газрын алба л хариуцаж шийдвэрлэнэ. Мэдээж Засаг даргын захирамж гарах ёстой. Гэхдээ юуны түрүүнд холбогдох бичиг баримт бүрдэж, мэдээллийн сандаа оруулж, хяналт шалгалт хийгдэж, газрын албаны мэргэжилтэн нь зөвшөөрөл олгосны дараа Засаг дарга хамгийн сүүлд шийдвэртэй танилцаж баталгаажуулдаг. Гэтэл ямар нэгэн зураглал байршил тогтоолгүйгээр газрын албаны мэргэжилтнүүдэд мэдэгдэлгүйгээр Засаг дарга захирамж гаргачихаад дараа нь газрын албандаа хүргүүлдэг тогтолцоотой байна. Үүний сөрөг үр дагавар нь нөгөө л далд газрын наймаа, хууль бус газар олголт, төлөвлөлтгүй хорооллууд бий болох. Ингээд хаа сайгүй газар олголт хийгдээд хашаа хатгаад ирэхээр улсын түргэн тусламж, онцгой байдал, хууль сахиулах байгууллагууд нь яаралтай тусламж үйлчилгээгээ иргэдэд үзүүлэхэд хүндрэлтэй болдог. Мөн төлөвлөлтгүй газраас болж иргэдийн хооронд маргаан үүсэх тохиолдол гардаг. Эдгээр хүндрэлтэй хууль бус хэрэг явдлыг судалж хуулийн хүрээнд хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Ямар ч байсан иргэдэд газрын албаны үйл ажиллагааг нээлттэй болгох иргэд газраа өмчлөх бүрэн эрхийн хэрэгжилтийг хянах хууль бусаар газар өмчлүүлдэг байдлыг таслан зогсоохыг зорьж байна.
Энэ мэтчилэн Налайх хотод хууль бус газар олголт хэрээс хэтэрснийг илрүүлсэн бөгөөд газрыг иргэдээс илүү албан тушаалтнууд нь хувааж авдаг жишиг тогтоод удаж байгаа нь энэ гэнэтийн шалгалтаар тогтоогдлоо. Энэ талаар Засаг дарга Х.Болдбаатар болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулахыг хүссэн ч тэд албан өрөөндөө байсангүй.
Б.Нарангэрэл
Эх сурвалж: “Үндэстэн агентлаг”