Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын Орлогч Т.Баясах болон бусад албаныхан оролцлоо. Тэрбээр дүүргийн хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэнд, амар тайван байдал, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд 15 жил хамтарч ажилласан төслийн хамт олонд талархал илэрхийлсэн юм. Амгалан Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь 8,10,12,23,28 дугаар хороодод 1999 оноос хойш хэрэгжиж эхэлжээ.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүүхдийн боловсрол, хоол тэжээл, дархлаажуулалт, эрхийн хамгаалал, амар тайван байдал, өрхийн санхүүгийн эрсдлийг даван туулах туулах чадвар зэргийг багтаасан хүүхдийн сайн сайхан байдлын төлөө ажиллахад оршдог аж. Тухайлбал, төсөл хэрэгжсэн 15 жилийн хугацаанд нэг сургуулийн барилга барьж, 10 хичээллийн танхимыг тохижуулсан байна. Мөн 3600 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэж, 720 хүүхдийг албан бус сургалтанд хамруулжээ. Түүнчлэн 2 цэцэрлэгийн барилга,175 хүүхдийн гэр цэцэрлэг, 4 анги танхимыг тохижуулжээ. Харин зуны сургалт, зургийн уралдаан, оюутны тэтгэлэг, дэвжээ тэмцээн зэрэг хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд нийтдээ 9000 гаруй хүүхдийг хамруулжээ.