Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 77, 84, 85, 99 дүгээр тушаалаар зарласан “Зарим шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт”-ын Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүхийн шийдвэрийн ач холбогдол” эссэ бичих шалгалтаар эхэллээ.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 46 орон тоонд 109 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс сонгон шалгаруулалтад шинээр 96 нэр дэвшигч, нөөцөд бүртгүүлсэн 13 нэр дэвшигч оролцож байна.
Шалгалтад нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгаас нэр дэвшигчид оролцож байгаа бөгөөд 8-10 төрлийн шалгалтыг цахимаар өгч, мэдлэг ур чадвараа шалгуулахын зэрэгцээ, ярилцлаганд орж шалгуулж байж, шүүгчийн албан тушаалд тэнцэх юм. Шалгалтад оролцогчдын материалыг МУ-ын чадварлаг хуульч, докторуудаас бүрдсэн Шүүхийн мэргэшлийн хорооны есөн гишүүн програмын тусламжтайгаар дүгнэх бөгөөд хэн гэдэг нэр дэвшигчийн материалыг шалгаж байгааг мэдэх боломжгүй, шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим системийн тусламжтайгаар, хөндлөнгийн нөлөөллөөс ангид явуулж байна.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс