2014 оноос ардчилсан үзэл баримтлалтай оюутан залуучууд нэгдэж ардчилсан намын дэргэдэх оюутны байгууллагыг үүсгэн байгуулах талаар нээлттэй хэлэлцүүлгүүдийг удаа дараа зохион байгуулж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор “Ардчилсан Оюутны Холбоо” нэртэйгээр байгууллаа. Бид оюутан залуучуудын дунд олон ургалч үзлийг түгээн дэлгэрүүлж, нийгмийн олон талт харилцаанд оюутан залуучуудын оролцоо, байр суурийг нэмэгдүүлэх, төрөөс оюутан залуучуудын талаар явуулж байгаа бодлого, гарах шийдвэрт нөлөөлөх, түүнийг гардан хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох, Ардчилсан намын бодлого, үзэл баримтлалыг дэмжиж ажиллах үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.
“Ардчилсан Оюутны Холбоо” байгуулагдлаа
Монголд ардчилсан хувьсгал өрнөж эхлэх үед оюутан, залуус хувьсгалын гол хүчин байлаа. Эрх чөлөө, шударга ёс, үнэний дуу хоолой нь тэд байж нийгмээ өөрчилсөн түүхэн замналтай.Өнөөдөр ардчиллын үнэт зүйл доголдож, хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, нийгэмд шударга ёс алдагдаж байгаа нь Ардчиллын үнэт зүйл мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх шаардлага бий болсныг харуулж байна. Иймээс үндэсний эрх ашгийг дээдэлж, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалан, хариуцлагатай тогтвортой нийгмийг бий болгохын төлөө бид нэгдэж байна. 1990 оны цагаан морин жилийн нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн давлагааг тухай үеийн оюутан залуучууд эхлүүлж эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж оюун санааны түүчээ болж байсныг мартах учиргүй.
Ардчилсан намын өнөөгийн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үйл хэрэгт Ахмад үе ардчиллын Партизанууд, дунд, шинэ үеийн оюутан залуучууд дуу хоолойгоо нэгтгэн үзэл бодол, үнэт зүйлтэй, үндсэн дүрмээ мөрддөг, хариуцлагатай намыг бий болгох шаардлагатай байна. Ардчиллын мөнгөн хонх жингэнэж ард түмэн эрх чөлөө хэмээн уухайлахад түрлэг нэмэн мэндэлсэн шинэ үеийнхний төлөөлөл, оюутан залуучууд ардчиллын 2 дахь давлагааг бий болгохоор нэгдлээ.