Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн байранд Эх хүүхдэд ээлтэй танхимын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус танхимыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилт, Эрүүл мэндийн яамны тусламжтайгаар байгуулсан бөгөөд хөхүүл хүүхэдтэй болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд ээлтэй орчинг бүрдүүлж, ажлын байран дээр эрүүл мэндийг дэмжигч, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх олон талын ач холбогдолтой юм.
Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны хоол тэжээл хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбатогтох, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхжаргал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Бодлого зохицуулалт, хөгжлийн албаны дарга Б.Сувд, хүрээлэнгийн Хоол судлалын төвийн дарга Ж.Батжаргал нар оролцож тууз хайчиллаа.
Монгол Улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхчүүд төрсний дараа даруй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдагтай холбоотой. Тийм ч учраас жил бүр ажил эрхэлдэг хөхүүл эхчүүдийг ажил олгогч нарын зүгээс дэмжихийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс уриалж ирсэн.
Энэхүү ажлын түүчээ болж бусад байгууллагуудад үлгэр дууриалал болох үүднээс НЭМХ-ийн байранд “Эрүүл мэндийг дэмжих, Эх хүүхдэд ээлтэй танхим”-ыг нээсэн нь өндөр ач холбогдолтой юм. Ийнхүү ажлын байрыг эх хүүхдэд ээлтэй болгосноор ажлаас чөлөө авалт буурч, ажлын бүтээмж нэмэгдэн, нярай ба бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч эрүүл мэндийн зардал багасдаг тооцоо бий.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн