Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

22f626070f62ce66ce7579f990faecc7

Шадар сайдын ахалдаг “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан боллоо. Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан зөвлөлийн бүрэлдэхүүн, Ажлын албыг хуралдаанаас шинэчлэн баталсан байна.

Манай орны хот, суурин газрын 80 орчим хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Энэ бүс нутагт нийт хүн амын 80 орчим хувь нь амьдардаг байна. Оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 29 мянга, Улаанбаатар хот орчимд 1000 гаруй удаа газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн тохиолдол өмнөх оноос 30 орчим хувиар өссөн тул гамшгийн эрсдлийг бууруулж, аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах нь чухал байгааг Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Цаашид баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, бусад эх үүсвэрт суулгаж шийдвэрлэх, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг шууд худалдан авах, гааль, НӨАТ-аас чөлөөлөх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулахыг үүрэг болголоо.

Мөн эмнэлгийн барилгуудад эрсдлийн үнэлгээ хийж эхлэх, Дархан, Эрдэнэт, Хархорин, Ховд, Улиастай, Зуунмод хотын нутагт үнэлгээ хийх аргачлал боловсруулах, гамшгийн үед 5000 хүртэл хүнийг хүлээн авах хээрийн эмнэлэг ажиллуулах төслийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг гурав хүртэл аймаг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хийхээр тогтлоо.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөнд 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх 4 бүлэг, 60 арга хэмжээ тусгагдсан. Энэ оны төлөвлөгөөний хэрэгжилт 57-78 хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …