Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгосон юм. Уламжлал ёсоор өнөөдөр 5 дахь удаагаа Сүхбаатарын талбайд Номын баярын өдрийн нээлт болов.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, СГЗ Г.Аким нарын зэрэг хүндэт зочид оролцлоо.
Номын баярын нээлтийн эхэнд нийслэлийн 5 дугаар дунд сургуулийн 2 дугаар ангийн сурагчид “Жигмэд Тогмид хоёр” дуугаар ая дууны мэнд өргөсөн юм. Уг дууны үгийг хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж 60 жилийн тэртээ бичиж, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар ая хийж байжээ.
Номын баярыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт номын нөхөд өө,
Хүндэт зочид оо,
Та бүхэнд сайны ерөөл өргөн барьж, номын баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдэлж есөн эрднээр чимэглэн, шастир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, ном дор мөргөхийг сүслэн, эрхэмлэн уншдаг ариун ёс, уламжлал бий.
Эдүгээ энэ сайхан уламжлал хэвээр хадгалагдаж буй бөгөөд Монгол орны хөгжил дэвшил, өөдрөг гэгээн ирээдүй чухамхүү эрүүл бие, саруул ухаантай, эрдэм боловсролд тэмүүлсэн монгол хүнээс шалтгаалах буюу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Энэхүү баярын өдрийг 2012 оноос өнөөг хүртэл “Олуулаа уншъя”, “Номын аялалд гарцгаая”, “Бид номд дуртай ард түмэн” зэрэг уриатайгаар улс орон даяар ёслон тэмдэглэснээр өнөө жил 5 дахь жилтэйгээ золгож байна.
“Номын баярын өдөр”-ийг төв, орон нутагт тэмдэглэдэг уламжлал тогтож “Тэргүүний уншигч-гэр бүл”, “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналтныг шалгаруулах, “Номын хандив”-ын аян зохион байгуулах, зохиолч-уншигчдын уулзалт, зохиолчийн гарын үсэгтэй номын худалдаа, “Ардын уран зохиолчдын уран бүтээл”-ийн үзэсгэлэн, тэргүүний уншигч сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, “Миний дуртай зохиолын баатар” хүүхдийн гар зургийн уралдаан, ЕБС-ийн сурагчдын зохиолын шилдэг дүрийн тоглолт, “Хамгийн их уншлагад гарсан ном”-ын үзэсгэлэн, тэргүүний уншигчдын уулзалт зохион байгуулах, мөн номын сангууд өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, “Танд уншихыг зөвлөж байна”, “Ном унших зөвлөмж”, “Уншсан номын тэмдэглэл хөтлөх” талаар мэдээлэл, зөвлөгөө өгч хэвшлээ.
Ерөнхийлөгчийн зарлигт заасан номын өв санг арвижуулах үйлсэд Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газраас сүүлийн хоёр жилд гэхэд л Монголын эх түүхийн 7 боть, Ерөнхийлөгчийн бичсэн Ардчиллын тухай 5 боть ном, Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүхнийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулан гаргасан “Монгол Улс чөлөөлөх дайнд–1945”, “Монгол Улсын Ерөнхийлөгч–25 жил” он дарааллын товчоон, “Монгол Ил-хаадын судлал” нэг сэдэвт бүтээл болон эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл зэрэг номуудаар хувь нэмэр оруулсандаа баяртай байна.
Дашрамд, энэхүү арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулж ирсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, зөв мэдлэгт хөтлөгч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгуулагад талархаж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай” гэлээ.