Сумын заан цолтой Уранчимэгийн Ганжолоо гэгч 2016.09.08-ны өдөр хүүхдийн үсний найран дээр архи ууж, согтуурхсан байна. Завхан аймгийн цагдаагийн газарт тухайн өдрийн 19 цагийн орчим “Хүргэн агсам тавиад, аяга таваг авч шидээд, хүн алах нь ээ” гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу Завхан аймгийн цагдаагийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Будхүүг очиход эсэргүүцэл үзүүлсэн байна. Улмаар гав зүүх үед нүүрэн тус газар нь цохиж гэмтээсний улмаас цагдаагийн албан хаагчийн нүд ийнхүү хөхөрчээ.
Агсам тавьсан иргэнийг 72 цаг саатуулсан бөгөөд одоогоор гадуур шалгаж байгаа. Түүнийг Цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэдгээр захиргааны хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ баривчлах юм байна.
Эх сурвалжийн хэлж байгаагаар зодуулахаас өмнө цагдаагийн албан хаагч бүсгүйн хараа хэвийн байсан бөгөөд одоо 0.5 болтлоо муудсны дээр өнгө ялгахгүй байгааг хэлж байна. Зодуулсан цагдаагийн хувьд Олон улсын хэмжээний мастер, Таэквондогийн дэлхийн хошой аварга юм байна.
Цагдаагийн байгууллагаас болон орон нутгийн захиргаанаас энэ хэргийг нуун дарагдуулах сонирхол их байгаа аж. Учир нь хөдөө орон нутгийн оршин суугчид нэгнийхээ хамаатан байдаг болохоор гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэх зэргээр хэрэгт хайнга хандаж байгаа ажээ.
Энэ хэргийн улмаас цагдаагийн алба хаагч эрүүл мэнд хохироод үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн балмад этгээд саатуулагдаад, торгуулиа төллөө гээд цагдаагийн албан хаагчид эрүүл мэндийн хохирлыг барагдуулахгүй үлдэж байгаад цагдаагийн байгууллага анхаарна биз ээ.
А.Баярмаа
Эх сурвалж: Dorgio.mn