Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Галтыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.
Ялангуяа батлан хамгаалах салбар, түүний дотор энхийг сахиулах хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг гэдгийг онцолж, “Говийн чоно” олон улсын хамтарсан сургалтыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэв.
Монгол Улс нь АНУ зэрэг гуравдагч хөршийн эдийн засгийн сонирхлыг бий болгох сонирхолтой, энэ чиглэлээр АНУ-ын талтай идэвхтэй хамтран ажиллана. Мянганы сорилтын корпорацийн хоёрдахь Компакт гэрээ байгуулахад Монголын тал ач холбогдол өгч байгаа гэв.
Энх тайвны корпусын сайн дурынхан Монгол Улсад ирж ажиллаж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн хугацаанд сайн дурынхан манай орны өнцөг булан бүрт англи хэл, эрүүл мэнд, боловсрол болон хөгжлийг дэмжих чиглэлээр хүчин зүтгэж ирсэнд талархал илэрхийлэв.
Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс, өндөр технологи бүхий аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, томоохон төслүүдэд хамтран ажиллахыг Шадар сайд санал болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.