Ажлаа солих цаг болсны есөн шинж

Яг одоо чи “Яах вэ?” гээд салаа замын эхэнд зогсож байна уу? Эндээ үлдээд үргэлжлүүлэн ажиллах уу эсвэл бүхний өөрчлөх хэрэгтэй юу? Доорх нийтлэл шийдвэрээ гаргахад чинь тусалж мэдэх юм. Тиймээс үргэлжлүүлээд уншаарай:

эг ажлыг 2-3 жил хийхэд хүн хийх ёстой юмаа сайтар мэдэж, бүхнийг гартаа оруулчихсан байдаг. Өөрөөр хэлбэл, цаашид сурах зүйл тэнд үлдээгүй гэсэн үг. Тэгэхээр нэг бол тушаал дэвших, өөр албан тушаал дээр очих эсвэл ажиллаж байгаа байгууллагаа солих зэргээр хийх ажлаа өөрчилж, хөгжих хэрэгтэй. Мэдээж чи мэдэхгүй чадахгүй зүйлтэй ахин нүүр тулахаас айж, тухтай бүстээ суусаар үлдэхээс илүү өсөж дэвжихийг хүсэж байгаа бол шүү дээ. Өөрчлөлт хийх цаг болсныг эсэхийг дараах 9 шинжээр мэдэж болох юм:

1. Өглөө бүр “Яаж ажилдаа явна аа” гэсэн муухай мэдрэмжтэйгээр орноосоо босдог
Аливаа хүн ажил руугаа ямар нэг зүйл хийж бүтээнэ, амжилт гаргана гэсэн итгэл, зорилготойгоор явах нь ажил хийж байгаагийн гол утга учир. Гэтэл өглөө бүр зорилготой байх нь байтугай ажил дээрээ очих хүсэл чинь төрөхгүй, халгасаар нэлээд хэсэг хугацаа өнгөрч байгаа бол чи тэндээс явах цаг нь болжээ гэсэн үг. Өглөө бүрийг муухай мэдрэмжтэй угтаад байхыг чи ч гэсэн хүсэхгүй байгаа биз дээ?

2. Хамтран ажиллагсад болоод даргадаа дургүй
Зөвхөн хувь хүнийх нь хувьд биш шүү. Ажлын газрын уур амьсгал, тэдний ажиллах арга барил чинийхтэй нийцдэггүй, хамтран ажиллахад үр бүтээлгүй байдаг бол чи тэнд өөрийн цаг, хүч хөдөлмөрийг барахаа болих хэрэгтэй. Мөн чиний ирээдүйд үлгэр дуурайл болохуйц, сайн удирдлагатай газарт ажиллаж байж чи суралцаж, хувь хүнийхээ хувьд өсөж дэвжинэ гэдгийг дараа дараагийн удаад ч санаарай.

3. Хийж байгаа зүйлээсээ таашаал авдаггүй, харин ч бүр бухимддаг
Өдөр бүр хийж байгаа зүйлээсээ таашаал авч, өөрийгөө шагнах сэтгэгдэл чамд огт төрдөггүй. Харин ч бухимдмаар санагдаж, амралтын өдрүүдийг хоног тоолон хүлээдэг бол чиний байх газар энэ яав ч биш юм. Хийж байгаа зүйлээсээ таашаал авч чадахгүй бол чи сэтгэлээ зориулж чадахгүй, сэтгэл байхгүй бол үр дүн муу байх болно шүү дээ.

4. Чи байгууллагынхаа соёл, цаашдын ирээдүйд итгэдэггүй
Учир нь чиний тэнд ажиллаж байгаагийн гол зорилгуудын нэг нь тухайн байгууллагын ирээдүйг хамтдаа бүтээлцэх шүү дээ. Гэтэл чи тэр ирээдүйд итгэлгүй эсвэл бүр огт тоодоггүй бол тэнд байх хэрэг чамд ч тухайн байгууллагад ч байхгүй гэсэн үг.

5. Ар гэр, ажил хоёрынхоо тэнцвэрийг хадгалахыг хичээж, олон янзаар оролдож үзсэн ч болдоггүй
Хөдөлмөрөө “шулуулж” байгаа юм шиг мэдрэмж чамд хааяа, заримдаа ч биш байнга ихэвчлэн мэдрэгддэг, гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй байгаа нь чиний хувийн зохион байгуулалтаас болоогүй бол даруй өөр тийшээ явах хэрэгтэй найз минь. Бас чиний хөдөлмөрийг үнэлдэггүй, чиний санааг авч хэлэлцдэггүй бол чи тэнд байхгүй.

– Чи байгаа газраа чухал хэрэгцээтэй ажилтан байх эрхтэй – Гэр бүлдээ, өөртөө цаг зарцуулж чаддаг байх хэрэгтэй

6. Хувь хүнийхээ хувьд өсөж дэвжсэн зүйл байна уу?
Энэ ажлаа хийж эхэлснээс хойш тодорхой хэмжээгээр ажлын туршлагатай болсон нь тодорхой. Гэхдээ орчин үед ажлын туршлага гэхээс илүү шинийг санаачлагч, өөдрөг үзэлтэй, хөрвөх чадвартай ажиллах хүчин үнэтэй бас хэрэгтэй байна. Учир нь цаг үе шинэчлэгдэж, уламжлалт хуучин арга барилаа өөрчлөхгүй л бол болохгүй болж байна шүү дээ. Тиймээс ажлын туршлагатай болох гэж биш шинийг сурч, илүү бүтээлч, өвөрмөц сэтгэлгээтэй болохын тулд ажиллах хэрэгтэй. Харин одоогийн чиний байгаа албан тушаал дээр ирээд чи юуг шинээр сурч, мэдэж авч, хувь хүнийхээ хувьд өөрчлөгдөж, өсөж дэвшсэн бэ?

7. Өсөж дэвжих найдвар байна уу?
Цаашид энэ ажлаа хийснээр чи шинэ зүйл сурч, өөрийгөө дараагийн түвшинд хүргэх болов уу? Эсвэл хийдэг юмаа л хийсээр байгаад таарах болов уу?

8. Чи бухимдалтай, муухай ааштай, түргэн ууртай нэгэн болсоор байна
Өмнөхөөсөө сайжирч, бүтээлч болох нь байтугай юм л бол бухимдаж, бусдад уураа гаргаж, амьдралдаа ажилдаа дургүй, гутранги үзэлтэн болчихсон байна уу?

9. Явах цаг нь болсон мэт санагдаад байна уу?
Эцэст нь чамд энэ ажилдаа үлдэх даацтай шалтгаангүй болж, явах цаг чинь аль хэдийнэ болсон мэт санагдаж, дотоод хүн чинь хатгаад байвал зөн совингоо дагаарай гэж зөвлөмөөр байна.

Эцэст нь чи шийдвэрийг өөрөө л гаргаж, хариуцлагыг өөрөө л үүрэх болно гэдгээ санаарай. Өөрчлөлтийг эерэг талаас нь харвал чамд маш их зүйлийг өгөх болно.

zone.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …