БОАЖЯ санаачлан Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, УСУГ, Дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний хэлтэс, Мобиком корпорац, Батлан хамгаалахын их сургууль оюутнууд,Сэрүүлэг их сургуулийн оюутнууд, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн төлөөл зэрэг нийт 10 гаруй байгууллагын 2000 гаруй хүн оролцлоо.
Цэвэрлэгээний үйл ажиллагааг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр үг хэлсэн юм.Тэрээр үгэндээ “Хүмүүсийн ухамсарт ундны усны эх үүсвэрээ бохирдуулахгүй байх ухамсар, сэтгэлгээг суулгаж өгөх нь чухал. Усны эх үүсвэрээ ариун тунгалаг байлгах нь тэдний амьдралын баталгаа гэдгийг нийт ард иргэддээ ойлгуулах, ухамсрыг ажлын байр, орон гэрт нь бий болгоход хүн бүр, албан байгууллага, хамт олны хүчин чармайлт чухал” гэдгийг уриаллаа.
Батлан хамгаалахын их сургууль, Сэрүүлэг их сургуулийн оюутнууд цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон юм. Идэвхтэй оролцсон 600 оюутныг Мобиком корпорацаас нэгжээр урамшуулжээ.Цэвэрлэгээг дөрвөн хэсэгт хуваагдан яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Сэлбэ гол (Дунд гол), Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэлх (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс)голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэсэн. Нийт 50 км буюу 2375 га газарт цэвэрлэгээний үйл ажиллагааг зохион байгуулжээ.Цэвэрлэсэн хог хаягдлыг дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний хэлтэс хариуцан ачиж хогийг цэгт хүргэжээ.Энэ үйл ажиллагаа нь манай улсын 21 сав газрын хэмжээнд бүх нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байна.
БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ