Хяналтын хуудас ил тод, юу үнэлэх гэж байгаа нь тодорхой байх ёстой

img_3661_1200x800

-“Эмнэлгийн халдварын сэргийлэлтэд хөндлөнгийн хяналтын хуудсыг хэрэглэх” сургалт эхэллээ-

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд “Эмнэлгийн халдварын сэргийлэлтэд хөндлөнгийн хяналтын хуудсыг хэрэглэх” сэдэвт үзүүлэх сургалт Орхон аймагт эхэллээ.

Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслөөс хамтран зохион байгуулж буй уг сургалтад 21 аймаг, есөн дүүрэг, НМХГ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд оролцож байна. Мөн Канадын Олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн зөвлөхүүд оролцож, сайн туршлагыг хуваалцахын зэрэгцээ хяналтын хуудсыг хэрхэн боловсронгуй болгох талаар зөвлөмж өгч байгаа юм. Тухайлбал, “Хяналтын хуудас нь ил тод, юуг үнэлэх гэж байгаа нь тодорхой байх шаардлагатай” гэж “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн зөвлөх багийн ахлагч Левис Томалти онцолж байлаа.

IMG 3691 1200x800

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд 2010 онд өөрчлөлт оруулснаар мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлж, хяналтын хуудсыг нэвтрүүлсэн билээ. Энэхүү хяналтын хуудсыг жил бүрийн туршлагаар баяжуулж, өндөр эрсдэлтэй асуудлыг нэмэх зэргээр өөрчилдөг. Харин энэ удаа эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллыг илрүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналтын хуудсыг улам боловсронгуй болгох үзүүлэх сургалтыг ийнхүү олон талын оролцоотой зохион байгуулж байна. Сургалтын үеэр албаны эх сурвалжуудаас дараахь тодруулгыг авлаа.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболд: Хяналтын хуудсыг боловсронгуй болгосноор халдварын эрсдлээс сэргийлнэ

IMG 3668 - Copy 1200x800-Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд мэргэжлийн хяналтын байцаагчдыг чадавхижуулах, хяналтын хуудсыг боловсронгуй болгох чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Онцлог нь гэвэл 21 аймаг, есөн дүүрэг, НМХГ-ын халдвар хамгааллын чиглэлээр эрүүл мэндийн чиглэлээр хяналт тавьдаг улсын байцаагчдыг хамруулж, Бүсийн оношлогоо эмчилгээний төв дээр хяналтын хуудсыг бөглүүлж, алдаа дутагдал юу байна, хэрхэн өөрчилж сайжруулах вэ гэдгийг үнэлж дүгнэх юм. Эрүүл мэндийн байгууллагуудад халдвар хамгааллын чиглэлээр үүсч байгаа эрсдэлийг бууруулах, хяналтын хуудсаа өөрчлөх зорилготой. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэж ирээд халдвар авахаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Сүүлийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээнээс шалтгаалсан халдварын тохиолдол нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа.Тэр дундаа шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол нэлээн өндөр бүртгэгддэг. Халдварын тохиолдол нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа нь илрүүлэлт өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлгийн халдварыг илрүүлэх, мэдээлэх шаардлага тавьж ажилласнаар бүртгэдэг, мэдээлдэг тогтолцоо бүрдсэн. Ялангуяа хяналтын хуудсанд эмнэлгийн аюултай хог хаягдал, эмнэлгийн ажилтнууд багаж хэрэгсэлдээ хатгуулсан үед хариу арга хэмжээ яаж авах гэх зэргийг тусгаж өгсөн байдаг. Халдварыг илрүүлэх нь өртсөн хүмүүсийг эмчлэх, үүсээд байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлох гол ач холбогдолтой.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа: Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа маш чухал

ch-bayarmaa-Эрүүл мэндийн байгууллага дахь халдвараас сэргийлэх хяналт бол эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, өвчтөн, эмнэлгийн ажилтны аюулгүй байдлыг хангах үндэс юм.

Судлаачдын үзсэнээр дэлхий нийтэд 10 мянган хэвтэн эмчлүүлэгч тутамд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол 11 байдаг. Монгол Улсын хувьд гурав бүртгэгддэг. Энэ бол харьцангуй бага үзүүлэлт. Гэхдээ өнгөрсөн онд улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлгийн дотоод халдварын тохиолдол нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Ер нь бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын илрүүлэлт, хяналтад илүү анхаарал тавих шаардлагатай гэж дүгнэж байгаа. Тиймээс хянах, илрүүлэх, сэргийлэхэд нэг талаас эрүүл мэндийн байгууллага, нөгөө талаас мэргэжлийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа, үүрэг маш чухал. Энэ удаагийн сургалтаас хяналтын хуудсыг боловсронгуй болгох үр дүн гарна гэж хүлээж байгаа.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг: Хяналтын хуудсанд сайн туршлагыг нэвтрүүлэх зорилготой

-Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийг 2013 оноос хэрэгжүүлж байна. Засгийн газрын 7.7 сая долларын хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр төслийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа. Энэ төсөл Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмэнтийг сайжруулах, Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хянах гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хянах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд энэ удаагийн сургалтыг явуулж байна. Хяналтын хуудсанд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой.

Говьсүмбэр аймгийн МХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, ХАА-н хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Ж.Оюунчимэг: Дадлага, онол хослуулсан анхдагч сургалт болж байна

IMG 3711 1200x800-Манай аймаг хүн ам цөөн боловч Хэнтий, Дундговь, Дорноговь аймгийн зарим ойрхон сумдын иргэд үйлчлүүлдэг. Статистикаар 17 мянган хүн амтай гэж байгаа ч манай эрүүл мэндийн байгууллагуудаар 30 орчим мянган хүн үйлчлүүлдэг. Халдвар хамгаалалтай холбоотой бүртгэл мэдээлэл хангалтгүй. Үүнийг сайжруулах шаардлагатай. Ер нь Говьсүмбэр аймгийн хувьд хяналтын хуудсан дээр өөрчилж, нарийвчилмаар асуудал тулгардаг. Эрүүл мэндийн байгууллагуудын байшин, барилга нь зориулалтын биш гэдгээс эхлээд түвэгтэй. Тиймээс энэ удаагийн сургалт их ач холбогдолтой юм. Дадлага, онолыг хослуулсан анхдагч үзүүлэх сургуулилт, сургалт гэдгээрээ онцлог. Өмнө нь аль ч байгууллага дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ очоод хяналтын хуудсаа туршиж үзээд, түүндээ үндэслэн өөрчилж, боловсронгуй болгож шинэчлэх ажил хийж байгаагүй. Бидний хэрэглэж байгаа хяналтын хуудас улам сайжирна гэсэн үр дүнг хүлээж байна .

Эх сурвалж:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …