Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг баталсан. Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй 2500 иргэнийг сонгон сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдэгээр ханган ажиллуулахаар болсон юм.
Тэгвэл өнөөдөр тухайн оршин суугаа орчиндоо идэвхтэй ажиллах 2500 иргэнийг сонгон авч энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар боллоо. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас өөрсдийн болон бусын аюулгүй байдлыг ханган, хэрхэн уялдаа холбоотой ажиллах, хууль эрхзүйн үндэслэлийг танилцуулж, тэдний ажил үүргийн талаар сургалт, уулзалт зохион байгууллаа.
Нийслэлийн иргэдийн идэвх, санаачлагад суурилсан хяналт бий болж, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэрэг ихээр гардаг цэг, цагуудад тухайн орчинг иргэдийн хяналтад авах юм. Ингэснээр Цагдаагийн байгууллага, иргэд хоорондын уялдаа холбоо сайжирч, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж,өөрчлөлт оруулах зэргээр эерэг үр дүн гарна гэж үзэж байгаагаа Улаанбаатар хотын Цагдаагийн газраас тайлбарлалаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.