Тус компанийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгээс сэтгүүлчид 49 хувийг хувьчилсантай холбоотойгоор орон тоо цомхотгох эсэх талаар асуухад тэрээр, “Удирдлагын бүтэц данхайсан зардал өндөртэй байсан нь өөрчлөгдсөн. Гэхдээ ажилчдыг цомхтгох талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Нэг ч ажилтныг цомхотгохгүй” гэсэн юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Эрдэнэт үйлдвэр бол Монгол Улсын зууны манлай бүтээн байгуулалт. Засгийн газар уг үйлдвэртэй холбоотой өөрийн байр суурийг илэрхийлсэн шийдвэрийг гаргасан байгаа. Энэ нь Монголын төр өөрийн эзэмшлийн эрхийг ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын түвшинд хэрэгжүүлнэ. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжилнэ гэж ойлгож болно” гэлээ. Мөн эдийн засгийн хүнд нөхцөлд өртөг, зардлаа бууруулж ашиг орлогоо нэмэгдүүлсэнд тус үйлдвэрийн хамт олонд талархаж буйгаа илэрхийллээ.