АНУ-ын Вашингтон хотноо 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болж байгаа БНСУ-ын Зүүн Хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны санаачилга-НАПСИ-гийн Засгийн газар хоорондын дээд түвшний гуравдугаар уулзалтанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож байна.
Дэд сайд Б.Батцэцэг дээд түвшний хуралдаанд хэлсэн үгэндээ Зүүн Хойд Азид хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр манай улсын гаргаж байгаа хүчин чармайлтыг нотолж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг дээд түвшний уулзалтанд оролцож байгаа АНУ, БНСУ, Япон зэрэг улсын Гадаад харилцааны дэд сайд нар болон НҮБ, ЕАБХАБ зэрэг Олон Улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.