Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай 10 мянга гаруй айл өрх бий гэсэн судалгаа бий. Эрчим хүчний яам үүнд гол бодлогооо чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айлыг эхний ээлжинд тог цахилгаанд холбосон байна. Үүнд Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 21, 27, Хан Уул дүүргийн 12, 14, Сүхбаатар дүүргийн 14,16, 17, 20, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хороо буюу нийтдээ 22 байршлыг хамруулжээ.
Шугамын барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 3-ны дотор хийж гүйцэтгэсэн аж. Үлдсэн айл өрхүүдийг ирэх онд тог цахилгаанд холбох зорилготой байгаа бөгөөд үүнд шаардагдах 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөжээ.
ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох энэ талаар “Гэрэл тоггүй амьдарч байгаа айл өрхүүдийг эрчим хүчинд холбох санаачилгыг нэр бүхий УИХ-ын 12 гишүүн гаргасан.
Тэр дагуу Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн шууд удирдлага дор сар гаруйн хугацаанд манай салбарынхан ажилласны дүнд өнөөдөр 1562 өрх айлыг цахилгаанд холболоо. Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны Тахилтын аман дахь 330 орчим айл өрх гэхэд олон жил тоггүй, харанхуй орчинд амьдарснаа өнөөдөр ярьж байна.
Цаашид бид Улаанбаатарыг бүхэлд нь тог цахилгаантай болгохын тулд шат дараалсан арга хэмжээ авч ажиллах болно” гэв. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны иргэн Д.Чамин “Манай хорооныхон дөрвөн жил гаруй харанхуй, гэрэлгүй амьдарч байсан. Энэ хүндрэлийг өнгөрсөн сар гаруйн хугацаанд яаравчлан шийдвэрлэж, түргэн шуурхай ажилласан Эрчим хүчний яамныхандаа талархал илэрхийлье. Хий гэвэл хийж болдог л ажил байна юм гэж бодлоо. Дөрвөн жил хүлээлээ шүү дээ” хэмээж байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж гүйцэтгэсэн энэ ажил Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн бодлого, мөрийн хөтөлбөрт тусгагдаж, ийнхүү эхний ээлжинд 1562 өрх айл тог цахилгаанд холбогдож байна.