Долоо хоног бүрийн даваа гаригт болдог ЭХЯ-ны шуурхай зөвлөгөөн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний яамны дэд сайд Т.Гантулга нар оролцож, өвлийн бэлтгэл ажил, станцуудын нүүрсний хангамж болон салбарын цаг үеийн мэдээ мэдээллийг сонсов. Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 75-90 хувьтай, мөн нүүрсний 12-60 хоногийн нөөцтэй байгаа нэгдсэн дүнгсалбарын удирдлагууд танилцуулж байна.
Нийслэлийн зургаан дүүрэгт 1562 өрх айл тог цахилгаанд холбогдсон нь Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн шууд удирдлага дор хийгдсэн ажил юм. Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж гүйцэтгэсэн энэ ажил иргэд, оршин суугчдын зүгээс талархал хүлээж байгааг ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох танилцууллаа. Мөн өнгөрсөн долоо хоногт Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүүгээр ахлуулсан ажлын хэсэг “Багануур” ТӨХК,“Шивээ Овоо” ХК-д ажилласан байна. Дээрх уурхайнууд өвөлжилт хүндэрч мэдэх байдалд орсон учир ЭХЯ-наас онцгойлон цаашид анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг тодотголоо.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар Эрдэнэт, Булган,Хөвсгөл аймагт ажилласан. Энэ хүрээнд “Булганы Дулааны станц”, “Эрдэнэтийн дулааны станц”-д тулгамдаад байгаа асуудлыг хөндөж, ирэх онд багтааж шийдвэрлэх арга хэмжээ авахаар болсныг Сайдын зөвлөх Ц.Баярбаатар танилцууллаа. Энэ долоо хоногт Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын харъяа байгууллагын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай биечлэн танилцах товтой байна.