Автозамын засвар, шинэчлэлтэй холбоотойгоор “Дархан минж”-ийн уулзвараас “Нарантуул” олон улсын худалдааны төв хүртэлх замыг засч захын хойд хаалгаар нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд “Нарантуул” захыг хоёр өдөр амраах шийдвэр гаргасан.
Харин яг одоо Нарантуул захын худалдаа, наймаа эрхлэгчид хүчтэй тэмцэл өрнүүлж байна. Тэд Нарантуул худалдааны төвийг өнөөдөр, маргааш 2 өдөр амраах шийдвэрийн эсрэг тэмцэж байгаа бөгөөд худалдаа эрхлэгчид захын төв хаалгыг хаах байдлаар жагсчээ. Наймаачид гаднаас цагдаагийн албан хаагчдыг дотогш оруулахгүй байна. Тэд уриа, лоозон барин “Бат-Үүл огцор” хэмээн шаардаж байгаа бөгөөд тус худалдааны төвийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлэхээр болсон байна.
Жил бүрийн энэ үед эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийнхээ хувцас, хичээлийн хэрэгслийг зах, худалдааны төвүүдээс бэлтгэдэг. Наймаа эрхлэгчдийн тухайд энэ л үеэр ахиухан хэмжээний бараа татаж, ашиг олох боломжтой байдаг. Тиймдээ ч орлогын үе нь эхэлсэн энэ үеэр худалдааны төвийг амраах нь буруу хэмээн тэмцэл өрнүүлж байгаа аж.
эх сурвалж: аравт.мн