Эрүүл мэндийн яам, Санте Сюд ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын эх баригч нарын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх» төслийн хүрээнд Франц улсын эрүүл мэндийн тогтолцоо,эх баригчийг бэлтгэх сургалт, эх баригчийн ажил үүрэг ур чадвар, эх барихын тусламж, үйлчилгээтэй танилцах үйл ажиллагааг 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 02-ны хооронд зохион байгууллаа. Танилцах аялалд ЭМЯ, ЭХЭМҮТ, Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудын эх барих- эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, АШУҮИС, Сувилахуйн сургуулийн багш нар, Монголын Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, Монголын Эх баригч бага эмч нарын нийгэмлэг, НҮБ-ын ХАС, Архангай аймгийн ЭМГ-ын төлөөлөл тус тус оролцлоо.
Томилолтоор ажиллах хугацаанд тус улсын ЭМЯ-ны бодлого чиглэл, Эрүүл мэндийн удирдах дээд газрын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, ард нийтийн эрүүл мэндийн тухай хууль, эх баригчийн ажил үүргийн хуваарь, ёс зүйн хууль дүрэм, төрөлт удирдах удирдамжийн хэрэгжилт, Олон улсын эх баригчдын нийгэмлэг, Эх баригчийн үндэсний зөвлөл, Эх баригчдын үйлдвэрчний эвлэл, Санофи Эспуар сан, Франш-Контэ мужийн Бэзансон хотын Эх баригчийн сургууль, Их сургуулийн эмнэлэг, Бэлфор, Монбэлиар хотуудын амаржих газрууд, перинаталь тусламж, хувийн болон улсын эмнэлэгт ажиллаж буй эх баригчдын ажлын уялдаа, эх барих- эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг, хүүхдийн эмч нарын хамтын ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.
Эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчид дээрх эмнэлгүүдийн төрөх тасагт ажиллаж, эх баригчийн төрөлт удирдах, жирэмсэн эмэгтэй түүний гэр бүлд зөвлөгөө өгөх, жижүүрийн баг ажил үүргээ дараагийн багт хүлээлгэж өгч байгаа явц зэрэгтэй биечлэн танилцлаа. Манай эх баригчийн ажил үүргийн хуваариас ялгаатай нь францийн эх баригчид 5 жилээр суралцаж төгсдөг бөгөөд хэвийн төрөлтийг удирдах, зөвшөөрөгдсөн эмчилгээг хийх, жирэмсний явцыг хэт авиагаар хянах, ерөндөг, суулгацыг тавих, авах зэрэг ажлуудыг бие дааж хийх чадварыг бүрэн эзэмшиж, хэрэгжүүлж байна.
Томилолтын явцад монгол эх баригчид хавдрын эсрэг явган аялалд оролцож, мэргэжил нэгт нөхөдтэйгөө явган аялал хийлээ.
Оролцогчид танилцах аяллаас суралцсан тэргүүн туршлагуудыг нэвтрүүлж ажиллах чиглэлээр ажлын төлөвлөгөөг боловсруулан, ЭМЯ-ны ТЗУГ-ын даргаар батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.