Дархан-Уул аймгийн Захирагчийн албанаас хүсэлт тавьсны дагуу “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хамт олон Дархан хотын 55 жилийн ойг тохиолдуулан Хонгор сумын Усан сангийн байгууламжийн цахилгааны дөрвөн метр шугамыг энэ сарын 13-ны өдөр засварлалаа.
Тус цахилгаан шугам нь Хонгор сумыг цэвэр ус, дулаанаар хангадаг “Эмт наран” ОНӨААТҮГ-т харьяалагддаг ч байгуулагдсан цагаасаа хойш хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан ямар ч засвар үйлчилгээнд ороогүй байна. Тиймээс цахилгааны шугамын найдвартай ажиллагаа муудсан тул засвар үйлчилгээг яаралтай хийх шаардлагыг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн зүгээс удаа дараа тавьж байжээ. Харин “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд засвар үйлчилгээг ийнхүү хийснээр Хонгор сумыг усаар хангадаг Усан сангийн цахилгааны шугамын найдвартай үйл ажиллагаа дээшилж байна.