НИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил туссаны нэг нь дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хөтөлбөр юм. Энэ ажлын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарьж эхлээд байна.
Өнөөдөр ногоон байгууламж, мод үржүүлгийн чиглэлээр мэргэшсэн “Тод Газар” ХХК-ийн ажилчид Улсын клиникийн 2 дугаар эмнэлгийн урд талбайд 5 метр өндөртэй 90 гаруй нарс мод тарилаа. Өмнө нь Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмсэн гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Н.Гантөмөр хэллээ. Мөн энэ сардаа багтаагаад Зүүн дөрвөн замаас Их дэлгүүр хүртэл шинэ технологийн дагуу шилмүүст мод тарихаас гадна мод нөхөж суулгах ажлыг мэргэжлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх юм байна.
Түүнчлэн Толгойт өртөөнөөс Амгалан хүртэл, Яармагийн гүүрнээс Буянт-Ухаа хүртэл замын 2 талаар шилмүүст мод тарихаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.