“АН буруу жишиг тогтоодог, МАН түүнийг нь давтдаг” хэмээх ардын үг бий. Албан тушаал, ашиг сонирхлын төлөө нэгнийгээ ч хөнөөдөг чаддаг ардчилсан нэр зүүгчид Монгол Улсад маш олон буруу жишгийг тогтоож, МАН түүнийг нь давтсаар байна. Албан тушаалыг ажил, хариуцлага гэхээсээ илүү авлига, эрх ямба болгосон нь энэ АН-ынхан.
Харин тэдэнтэй барьцах мэт муу бүхнийг нь үргэлжлүүлж байсан нам нь МАН юм. Ямартай ч, өнгөрсөн 26 жилийн түүх болон одоогийн нөхцөл байдлаас дүгнэхэд АН, МАН-ын аль нь ч Монгол Улсыг хөгжүүлэхгүй, ард түмнийхээ төлөө ажиллахгүй гэдэг нь харагдаж байна.
Төрийн толгойд аймшигт аллагыг нуун дарагдуулагч, газрын наймаачин болон түүний хань хамсаатнууд гарчээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Анхнаасаа муу зүйл хийж, түүнийгээ дадал болтлоо хөгжүүлсэн хүмүүс хичнээн өндөр албан тушаалд очлоо ч түүнээсээ ангижирч чадахгүй байна. Өөрийгөө эрх ямбыг хангасан хууль дүрэм батлуулж, хань хамсаатнуудаа дээш нь татаж Монгол төрийг тоглоомын талбар болгон хувиргаж байна. Хувийн компанидаа ч хийхгүй томилгоог төрд хийж, чадваргүй, танил тал харсан хүмүүсийг төрд томилж Монголын ард түмнээр тоглож байна.
Сонгуулийн дараа АН-ын “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоосон МАН “сайн хамаатан” хөтөлбөрийг тун чиг сайн хэрэгжүүлж байна. Төрийн албыг төрлийн алба болголоо хэмээн АН-ыг шүүмжилж ирсэн МАН мөн адил томилгоог хийсээр. Эцэс төгсгөлгүй энэ томилгоо Төрийг мэргэшсэн чадварлаг боловсон хүчнээс нь холдуулж, эрх ямба хайсан хоосон толгойтнуудын цугларалт болгожээ. Өдгөө яамдуудад ажлаа мэддэг ганц нэгхэн хүнээс бусад нь бүгд хэн нэгний “долдой нар” болжээ. Нөгөө талаас тэднийг бүтэн дөрвөн жил “сургаж”, арайхийж төрийн албаны шалгуурт тэнцэж ирэх үед сонгуульд ялалт байгуулсан аль нэг нам, эвсэл эсвэл өөр хүмүүсийн “халаасны хүмүүс”-ээр өмнөх нь солигддог. Ингэж Монголын төр Монгол Улс ахихгүй, урагш дөрөв алхчихаад арагш гурав алхаж, ямар ч байсан урагшилсаар байна.
Ардчилсан намын зүгээс сонгуулийн өмнө буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард санал авах зорилгоор “Сайн” хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. “Сайн” хөтөлбөрүүдэд “Сайн хашаа”, Сайн “оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” гэсэн дөрвөн үндсэн хөтөлбөр багтаж байсан бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, бүтэлгүйтсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэрийг өөрчлөн “Сайн хашаа”, орон нутагт намын нэр хүнд муу байгааг урьдчилсан судалгаагаар тогтоосон учир “Сайн малчин”, шинэ залуу үеийг өөртөө урвуулахын тулд “Сайн оюутан”, ард түмнийг бүхэлд нь АН-д сайн болгохын тулд “Сайн хувьцаа” гэх зэргээр санаачлан хэрэгжүүлж улсын сан хөмрөгийг хоосолж, ам.долларын ханшийг тэнгэрт тулгав.
Харин түүнийг нь зогсоосон МАН “сайн хамаатан”, “сайн хүү”, “сайн дүү”, “сайн танил” гэх албан бус хөтөлбөрийг хэрэгжүүлж, мэргэжлийн гэх тодотголтой ч мэргэшээгүй хүмүүст төрийг атгуулж, уруудан доройтоод буй ард түмнийг амьдралыг аврах сэтгэл өчүүхэн ч гаргасангүй. “Төрийг дээдлэхэд төрлийг тэвч” хэмээх Модун хааны маш эртний сургаалтай Монгол Улс Манжийн үед авлига, албан тушаалд биеэ худалдсан, эрх орон, ард түмнээсээ урвасан, шударга нэгнээ барьж өгч, эрүүдэн тамлуулсан, ах дүү амраг садангаа тушаалд томилуулсан тийм л үедээ очжээ.
Товчхондоо, АН, МАН-ын удирдлагуудад Монголыг гэх сэтгэл байхгүй, албан тушаал, эрх мэдэлд хүрэхийн тулд юу ч хийхээс сийхгүй, бодлогогүй шийдвэрүүд, “туйлж ханадаггүй” байдлаас нь болж Монгол Улс “мөхлийн зам” уруугаа эрчтэйгээр шааригдсаар байна.
Ураг төрлийн томилгоонуудаас
1. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар нь Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар,
2. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын төрөл садан А.Ундраа УИХ-ын гишүүн болов.
3. УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар,
4. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатийн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын даргаар,
5. МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нь Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүнээр,
6. МАН-ын дарга асан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар,
7. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалын яамны газрын даргаар,
8. Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн ахын хүү Г.Гантулга Зам тээврийн яамны газрын даргаар,
9. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын даргаар,
10. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын албаны даргаар,
11. И.Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр,
12. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн Захиргаа Удирдлагын Газрын даргаар,
13. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцагийн дүү Д.Баярсайхан нь Төрийн банкны захирлаар,
14. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Т.Саран нь Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дэд даргаар,
15. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн нь Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр,
16. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргаар,
17. УИХ-ын гишүүн Б.Оюунчимэгийн дүү Б.Эрхэмзаяа нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тээвэр, ложистик хариуцсан захирлаар,
18. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Г.Мөнхбаяр нь Барилга хот байгуулалтын сайдаар,
19. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Л.Бямбасүрэн нь Эрүүл мэндийн дэд сайдаар,
20. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар,
21. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга, хот байгуулалтын дэд сайдаар,
22. Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогтын туслах З.Мэндсайхан нь Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар,
23. Ерөнхий сайд агсан П.Жасрайн зээ охин Ариунзаяа Үндэсний Статистикийн Газрын даргаар,
24. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын гэр бүлийн эзэмшлийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны захирал Б.Баярсайхан нь Үндэсний хөгжлийн газрын даргаар,
25. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшлийн “МАК” компаний дэд ерөнхийлөгч Б.Нямдаваа нь Хөдөлмөр, халамж үйлчилгэний ерөнхий газрын даргаар,
26. Су.Батболдын туслах нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар,
27. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн дүү С.Мөнгөнчимэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар,
28. Морин спорт уяачдын холбооны гишүүн, манлай уяач Даваахүүгийн хүү Д.Баянбат нь нийслэлийн хөдөө аж ахуйн газрын даргаар,
29. Нийслэлийн Морин спорт уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
30. Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Ц.Баянжаргал Хүнс, хөдөө аж ахуйн яамны газрын даргаар,
31. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргаар,
32. МАН-ын сонгуулийн сурталчилгааны менежер сэтгүүлч Б.Баярсайхан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон бол, түүний нөхөр МАН-ын сонгуулийн сурталчилгааны менежер П.Баярмагнай Гадаад Харилцааны Яамны газрын даргаар тус тус томилогджээ.
Нинж