Хүүхдийн мөнгөний олголт, хэрэгжилтийг Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-аар зохицуулдаг. Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдлаас хамаарч Монгол улсын Их хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар тогтоолыг батлан гаргасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Босго оноо тогтоох тухай” 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар тушаалаар Хүүхдийн мөнгөний босго оноог 502,567-оор тогтоогдсон байна.
Дээрх Засгийн газрын тогтоолоор нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн мөнгөний олголтыг амьжиргааны түвшнээс хамааруулан 2 өөр цаг хугацаанд олгохоор зохион байгуулж байгаа аж.
Өөрөөр хэлбэл өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж байгаа 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр олгож, харин үлдсэн 400 мянга орчим хүүхдүүдийн хувьд Сангийн яаманд нэр байрших замаар, тодорхой хугацааны дараа буюу 2019 онд бэлнээр олгохоор тусгажээ.
Тэгвэл таны хүүхэд хэзээ мөнгөө авах вэ. Энэ талаар мэдээлэл авахыг хүсвэл hudulmur-halamj.gov.mn сайтад хандаж дараах зааврын дагуу хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийж шалгах боломжтой.