Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнгөрсөн Даваа гарагт боллоо. Цаашид гэр хорооллыг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45,000 зуух шаардлагатай тул “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжих Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
2012-2013 оны өвөл нийслэлийн түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн нийт өрхөд 34.000 тонн түлш шаардлагатай байжээ. Гэвч “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьсан хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй, шахмал түлшний жижиг үйлдвэрүүд төслийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаагаас 8000 тонн түлш л нийлүүлжээ. Улаанбаатарын зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой түлш бол үртсэн шахмал түлш. Гэвч түүхий нүүрснээс 2-3 дахин үнэтэй. Монголд мод боловсруулах үйлдвэр цөөн тул үртсээр хангах боломжгүй. ОХУ-ын Красноярск, Иркутск орчмоос модны үртэс авах боломжтой ч тээврийн зардал маш өндөр байгааг хэлэв. Нэг тонн үртэсний үнэ 253 мянган төгрөг.
Зөвхөн Баянгол дүүргийг хангая гэвэл 7,6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргажээ.Нийт 600 мянга орчим тонн үртэс авч чадвал Улаанбаатарын утааг 60 хувь бууруулах боломжтой юм байна. Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболдын танилцуулснаар Дэлхийн банкны санхүүжилтээр зургаан дүүрэгт 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлж эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангана.
Зуух сонгох ажлыг хийж 15 төрлийн зууханд ШУТИС-ийн лабориторийг ашиглан туршилт хийхэд дөрвөн төрлийн зуух тэнцсэн байна. Үүний нэг нь дотоодын үйлдвэрийн, хоёр дахь нь Хятадад үйл ажиллагаа явуулдаг Монголын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн, үлдсэн хоёр төрлийн зуух нь Туркт үйлдвэрлэсэн зуух ажээ.
Зуухыг 29 мянга орчим төгрөгөө борлуулах санал оруулж байгаа юм байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний дарга П.Цагаан хэрэв ДЦС-2 ТӨХК шахмал түлшний үйлдвэр барих амлалтаа хэрэгжүүлж чадахгүй бол мөнгөө буцааж тушаа, эсвэл түлшээ нийлүүлэх ёстой гэдгийг хатуу анхааруулав. Мөн ирэх өвөл нийслэлийн утааг дахин 20 хувиар бууруулахаар ажиллах ёстой гэлээ. Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг төсөвт суулгахаар болжээ.