-Харилцаа, холбооны салбарын нийт орлогын дийлэнхийг үүрэн холбооны компаниудын орлого бүрдүүлж байна-
Шуудан, харилцаа, холбооны салбарын компаниуд энэ оны эхний гурван улиралд 572 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Он гарсаар дээрх салбарын орлого улирал бүр өссөн үзүүлэлттэй байсан байна. Зөвхөн сүүлийн улиралд л гэхэд нийт орлого нь 208.6 тэрбум төгрөг байсан нь 36 хувийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь өмнөх улирлаасаа 7.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хэдийгээр нийт орлогын
үзүүлэлт тогтмол өсч байгаа ч хүн амаас олсон орлого гурван улирлын үзүүлэлтээр буурсан байна. Энэ оны эхний гурван улиралд харилцаа, холбооны компаниуд хүн амаас 412.5 тэрбум төгрөгийн орлого олсон гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Энэ нь 2015 оны эхний гурван улирлын орлогоос бараг өөрчлөлтгүй буюу 0.7 хувиар буурсан, хувь хэрэглэгчдийн зарцуулалтад бараг өөрчлөлт ороогүй гэсэн үг юм. Харилцаа, холбооны салбарын нийт орлогын дийлэнхийг үүрэн холбооны компаниудын орлого бүрдүүлсэн хэвээр байна. Оны эхний гурван улиралд үүрэн холбооны дөрвөн компанийн орлого 0.7 хувиар өсч, 385.2 тэрбум төгрөг болжээ. Энэ нь нийт орлогын гуравны хоёрыг дангаараа бүрдүүлж байна.
Харин интернэтийн үйлчилгээ эрхлэгч компаниуд нийт орлогод эзлэх хувиараа хоёрдугаарт бичигдэж байгаа аж. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн орлого жилийн дотор 17.8 хувиар өсчээ. Өсөлтийн хувь хэмжээгээрээ энэ нь нийтийн утасны үйлчилгээний араас хоёрдугаарт бичигдэж буй үзүүлэлт юм. Энэ оны нэгээс есдүгээр сарын хугацаанд интернэт үйлчилгээний компаниуд 116.9 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан гэж статистик мэдээлэлд онцолсон байна.
Үүнээс гадна харилцаа, холбооны салбарын орлогыг бүс нутгаар нь салгаж харвал бүх үйлчилгээ нийслэлд хэт төвлөрсөн хэвээр байгаа аж. Шуудан, харилцаа, холбооны салбарынхны энэ оны эхний гурван улирлын 572 тэрбум төгрөгийн орлогоос 560.5 тэрбум нь зөвхөн нийслэлээс олсон орлого байна. Төвийн бүсийн аймгууд 1.4 тэрбум төгрөгийн орлогоор удаалж байгаа бол Хангайн бүсийнх баруун болон зүүн бүс араас бичигдэж байгаа ажээ.