Мөнх цэвдэг, мөсөн голын хайлсан эсвэл борооны хурсан усан сангийн нөлөөгөөр үүсдэг хүрхрээ бол эх дэлхийн гайхамшигтай нэгэн үзэсгэлэн юм. Өдгөө дэлхий дээр та бидний хэмжээлж үл чадах маш олон гайхалтай хүрхрээ байдгаас хамгийн үзэсгэлэнтэй гэгддэг арван хүрхрээг толилуулъя.
Аргентин: Iguazu Falls
Энэ бол Аргентин, Бразил улсын хилийг заагладаг Игуасу голын хүрхрээ юм. 1541 онд Испанийн аялагч Álvar Núñez Cabeza de Vaca – гийн олж нээсэн энэ газар дэлгэцийн 20 орчим кинонд гардгийн нэг нь Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull (2008) юм. Домогт өгүүлснээр Бурхан Naipi гэдэг үзэсгэлэнтэй эмэгтэйтэй гэрлэхийг хүссэн ч тэр эмэгтэй нь Taroba гэдэг эртэй энэ голыг гатлан завиар зугтаачихжээ. Хилэгнэсэн Бурхан голыг хоёр хуваан хосуудыг мөнхөд салгасан Iguazu хүрхрээг бүтээсэн гэдэг.
Венесуэл: Angel Falls
Дэлхийн хамгийн өндөр хүрхрээгээр нэрлэгддэг энэ хүрхрээ 979 м өндөр юм. XX зууны тэртээ Америкийн нисгэгч Jimmie Angel (1899 – 1956) олж нээсэн хүрхрээг ийнхүү нэрээр нь мөнхөлсөн түүхтэй. Жуулчдын хамгийн ихээр зорин очдог энэ газрыг Pixar Animation Studios – ийн Up (2009) хүүхэлдэйн кинон дээр гардаг гэдгээр нь андахгүй.
АНУ ба Канадын хил: Niagara Falls
Канадын Онтарио, АНУ-ын Нью Йорк хотыг зааглан орших энэ хүрхрээ байгалийн өвөрмөц тогтоц болон усан цахилгааны асар том эх үүсвэр гэдгээрээ алдартай. 53 м өндөр хүрхрээг Францын акробатчин, олсон дээр явагч Charles Blondin (1824 – 1897) хамгийн анх 1859 онд гаталснаас хойш олон хүн амжилттай гаталсан байдаг. Эсрэгээрээ хүрхрээнд тоо томшгүй олон зүйлс унасан байдгаас 1850 – 2011 онд 5000 хүний цогцос гаргасан гэдэг.
АНУ: Yosemite Falls
Хойд Америкийн хамгийн өндөр Yosemite Falls хүрхрээ 739 м өндөр юм. Хавар цас ханзрах үеэр хамгийн үзэсгэлэнтэй харагддаг хүрхрээ тав зургаадугаар сард хамгийн их устай байдаг. Хэрвээ хүрхрээг хүний гараар бүтээсэн барилга байгууламжтай зүйрлэвэл 200 давхар барилгатай тэнцэх хэмжээний буюу The Empire State Building – ээс хоёр дахин, Niagara Falls – аас арав дахин өндөр ажээ.
Зимбабве ба Замбия: Victoria Falls
Шотландын аялагч David Livingstone (1813 – 1873) – ийн олж илрүүлсэн энэ хүрхрээ ЮНЕСКО – гийн Дэлхийн үнэт өвд бүртгэгдсэн байдаг. Аялагч David Livingstone – ийн дурсгалыг хүндэтгэсэн хүрэл хөшөөг Замбиягийн хилийн эрэгт босгожээ.
Исланд: Golden Falls
Исландыг зорих жуулчдын №1 газар гэгддэг Gullfoss (The Golden Falls) нь Европын хамгийн хүчтэй урсгалтай хүрхрээнүүдийн нэг ажээ. Алтан шаргал өнгөөр туяарч харагддаг хүрхрээн дээр усан цахилгаан станц байгуулах явц XX зууны эхээр эхэлжээ. Гэвч хүрхрээг хэн хүнээс илүү хайрладаг Sigríður Tómasdóttir охины эсэргүүцэлтэй тулгарч тэрээр эрдэнэт амиараа энэ хүрхрээг хамгаалсан түүхтэй. Хүрхрээг өвөл зуны аль ч цагт зорьсон үзэсгэлэнтэй.
Гайана: Kaieteur Falls
1870 онд Их Британий геологич Charles Barrington Brown – ийн олж нээсэн Kaieteur Falls нь 770.000 гаруй хүн амтай Гайана улсын дэлхийд гайхагдсан газруудын нэг юм. Потаро голын 251 м хүртэлх өндөр хүрхрээг зөвхөн онгоцоор л очиж үзэх боломжтой. Хэрвээ АНУ, Их Британи болон онцгойлон авч үзсэн цөөнгүй орны иргэн визагүйгээр зорчдог бөгөөд борооны улиралд очвол хамгийн үзэсгэлэнтэй ажээ.
Хорват: Plitvice Lakes National Park
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий гол нуур, хүрхрээдийн цогцолбор болсон энэ газар ЮНЕСКО – гийн Дэлхийн үнэт өвийн нэг, Европын хамгийн эртний харин Хорватын хамгийн алдартай газрын нэг юм. 1949 онд дархалсан энэ хүрээлэнд 16 гол нуур, 25 м – 78 м өнпөр үзэсгэлэнтэй хүрхрээ олон бий. Жил болгон 1.1 сая гаруй жуулчдыг хүлээн авдаг хүрээлэнгийн орох тасалбар $32 ам.доллар хүртэлх үнэтэй байдаг гэнэ.
АНУ: Havasu Falls
Зүйл бүрийн эрдэс минералын охь болсон Havasu хүрхрээ нь 27 м өндөр бөгөөд АНУ-ын The Grand Canyon хавцалд байдаг. Хавцлын “нуугдмал” эрдэнэ хэмээн нэрлэгддэг хүрхрээний усны температур тогтмол + 21°С байдаг. Учир нь энэ хүрхрээ ундаргын халуун рашаанаас гаралтай төдийгүй усан дахь кальци, магнийн агууламжаас улбаалан үлэмжийн тансаг өнгөтэй харагдана.
Энэтхэг: Nohkalikai Falls
Энэ бол Энэтхэгийн хамгийн өндөр 335 м хүрхрээ юм. Дэлхий дээрх хамгийн чийглэг газар хэмээн үздэг энэ хөндийд хүрхрээний усны өвөрмөц найрлагаас үүдсэн ногоон туяатай усан сангаараа гайхагддаг. Хэдий үзэсгэлэнтэй ч ам дамжсан гунигтай түүхийг хүүрнэдэг ажээ.
Домогт өгүүлснээр охинтойгоо хамт амьдардаг Ka Likai гэдэг бэлэвсэн эмэгтэй дахин гэрлэжээ. Нөхөр нь охиныг нь битүүхэн шохоорхож байхгүй хойгуур нь амийг нь хөнөөж хоол хийгээд идчихсэн гэнэ. Likai охиноо асуувал нөхөр нь мэдэхгүй гэж хариулсан ч сагсан дотор хийсэн охиныхоо хурууг олж харснаар хүрхрээний асгад уруудан үсэрч амиа егүүтгэсэн гэдэг.
Эх сурвалж: everyday.mn