Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд явагдаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр цэрэг татлагын явцтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн хувьд цэрэг татлагын үйл явц хэвийн үргэлжилж байгаагаас гадна цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо ч нэмэгдсэнийг хэлсэн юм. Хотын дарга энэ үеэр “Эмч нартай уулзаж байхад залуус эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах тохиолдол багассан байна. Цэргийн насны залуусын эрүүл мэндийн байдал дээшилсэн нь ажиглагдлаа. Чингэлтэй дүүргийн хувьд татагдан ирж байгаа бүх хүүхдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамруулдаг юм байна. Өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан хүүхдүүдээ бүтэн жилийн турш дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эмнэлгүүд анхаарч ажилладаг. Хоёрдугаарт, залуучуудын бие бялдар сайжирч, цэрэгт явах хүсэлтэй залуус ч олширсон байна.” гэлээ.
Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Энэ удаагийн цэрэг татлага шинэ хуулиар явагдаж байгаагаараа онцлог. Батлан хамгаалах болон бусад хуульд 26 нас хүрээд цэргийн алба хаагаагүй иргэн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаадаг. Энэ үйл ажиллагааг шинэ хуулиар зохицуулж өгсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн дүйцүүлэх алба хаасан 1124 иргэн 591,3 сая төгрөгийн төлбөр төлж, төрийн санд төвлөрүүлээд байна.” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн цэргийн штабынхан цэрэгт татагдаж байгаа залуусыг хүссэн ангидаа хувиарлагдах боломж олгоход анхаарч ажиллаж байгаагаа хотын даргад танилцууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.